С.ЧИНЗОРИГ: Хоригийг хүлээгээд авчихвал Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй юу?
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчилэн хориг тавиад байгаа юм.
Хоригтой холбогдуулан гишүүд байр сууриа хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярьж байхдаа Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлах шаардлага байна гэж байгаад энэ заалтыг оруулсан. Тухайн үед Ерөнхийлөгч Үндсэн хуулиар өөрт Олгогдоогүй зарим эрхийг хууль санаачлах эрхээрээ дамжуулан салбар хуулиудад оруулж, өөртөө авсан байна гэдэг асуудал яригдсан. Энэ дагуу УИХ-ын тухай хуульд энэ заалт орсон гэж ойлгож байгаа. Одоо тэгээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихаар Үндсэн хуульд оруулсан заалт цаашид хэрэгжих үү. Яаж зохицуулах юм бэ. Хоригийг хүлээгээд авчихвал Үндсэн хуулийн зөрчил үүсэхгүй юу.