Н.Алтанхуяг: Энэ дөрвөн жилд ерөнхий, бөөрөнхий, лоозонгийн шинжтэй зүйл би сонсохгүй шүү
УИХ-ын Анхдугаар чуулган Ерөнхий сайдыг томилох асуудлаар үргэлжилж байна.
Ерөнхий сайдаар улиран сонгогдох гэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Намын харьяаллаас болж ажлаас халагдаад шүүхээр яваад шийдвэр нь гарсан хоёр хүн Орхон аймагт байгаа. Энэ хүмүүсийг буцааж ажилд нь томилох уу. Хууль Монгол Улсад хэрэгжих үү.
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монголд хууль хэрэгждэг нийгэм байх ёстой гэж ойлгодог. Үүнийг л баталгаажуулсан. Гаргасан хууль дүрэм хэрэгжихгүй байгаа бол хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгждэг төртэй байх ёстой. Үүний төлөө ажиллана.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ дөрвөн жилд ерөнхий, бөөрөнхий, лоозонгийн шинжтэй зүйл би сонсохгүй шүү. Ерөнхий бөөрөнхий лоозонгийн шинжтэй юм энэ дөрвөн жилд би сонсохгүй шүү. Эрдэнэтээс сонгогдсон Д.Батлут Засаг даргаар ажиллаж байсан. Намын харьяаллаар хоёр хүнийг ажлаас нь халсан шүүхийн шийдвэр гарчихсаныг би Ерөнхий сайдад нь хэллээ. Бусад аймагт юу болж байгааг би хэлж мэдэхгүй. АН-ынхан тэгж байгаад дуугарах байлгүй дээ. Одоохондоо хэлгүй юм шиг сууцгааж байна. Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Мөнхбаяр гээд залуу бий. Нөгөө нь Соёл урлаг спортын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэг эмэгтэй байгаа. Энэ хоёр хүнийг буцааж ажилд нь аваарай. Үгүй бол би өдөр болгон энэ индрээс ярина шүү. Заавал ажил хэрэг болгох ёстой шүү.