УИХ-ын анхдугаар чуулганыг Х.Баделхан ДАРГАЛНА
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр /2020.06.25/ хуралдаж, сонгогчдоос хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчид Даваа гаригт УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох шийдвэр гаргаад байна.
Тодруулбал, хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, УИХ-ын анхдугаар чуулганыг товыг зарлах ёстой.
УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай УИХ-ын гишүүн нь удирдаж, шинэ гишүүд тангаргаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах юм.
2020 оны шинэ парламентын хамгийн өндөр настай гишүүн болох Х.Баделхан анхдугаар чуулганыг удирдах юм байна. Тэрбээр 66 настай.
Энэ тухай УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дараах байдлаар заажээ.
11.1.3.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх, насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг унших боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн гишүүний тангаргийг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөнө;
УИХ-ын гишүүний тангарагийн үгийг өнгөрсөн хаврын чуулганаар өөрчлөн баталсан юм.
УИХ-ын гишүүний тангарагийн үг:
Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.
Анхдугаар чуулганы дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагддаг.