Өнөөдрөөс мөрдөж эхэлж буй ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр 11.40 цагаас хэрэгжүүлж эхэлнэ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн мэдүүлж, батлуулсан эг нэмэлт өөрчлөлт нь Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангатай холбоотой, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт гэсэн дөрвөн хэсэгтэй боловсруулжээ. 

Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдлыг танилцуулж байна.

 Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт

1. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах

Хуучин заалт: 39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

Өөрчилсөн заалт: 39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

Ач холбогдол: Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн маргаан дагуулж байсан нэг заалтыг залруулсан. Энэ заалтыг сэргээснээр, Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүн байгаа одоогийн байдлыг өөрчилж, хязгаар тогтоов. Ингэснээр, УИХ-ын 76 гишүүний 6 хувь нь Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллаж болох хатуу хязгаар тогтоож буй юм. 

2. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх

Хуучин заалт: 33.1.2 Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

Өөрчилсөн заалт: 39.2. Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

Ач холбогдол: Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх журам илүү тодорхой болж улмаар УИХ-д тогтвортой олонхыг бүрдүүлсний үндсэн дээр Засгийн газрыг байгуулах нөхцөл бүрдэнэ. 

3. Засгийн газрыг эмхлэн байгуулах журам

Хуучин заалт: 39.2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Өөрчилсөн заалт: 39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Нэмсэн заалт: 39.4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Ач холбогдол: Үндсэн хуулийн үзэл санааг тодорхой болгож Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилуулахдаа Сайдад нэр дэвшигчийг УИХ-д бие даан оруулах ач холбогдолтой. 

4. Ерөнхий сайдыг огцруулах журам

Хуучин заалт: 43.1. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

Хуучин заалт: 43.2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Өөрчилсөн заалт: 43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

 

Өөрчилсөн заалт: 43.2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Ач холбогдол: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацааг тодорхой тогтоож шийдвэр гаргах босгыг тогтоосон. 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах зохицуулалттай холбосноор УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудалд хариуцлагатай ханддаг болно. Хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох зохицуулалт нь сайд нар нэгдмэл зорилготой, хариуцлагатай, танхимын зарчмаар ажиллах шаардлагыг тодотгож байна. Ингэснээр Засгийн газрын гишүүдийн сахилга, хариуцлага сайжрах юм. 

5. Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх

Хуучин заалт: 44.1. Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

Өөрчилсөн заалт: 44.1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Нэмсэн заалт: 44.2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Ач холбогдол: Ерөнхий сайд УИХ-д улсын төсвийн бодлогын тодорхой асуудлаар санал оруулна. УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно. 

6. Ерөнхийлөгчид нэр дэвших насны доод хязгаарыг нэмж, зөвхөн нэг удаа сонгодог байх

Хуучин заалт: 30.2. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Өөрчилсөн заалт: 30.2. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

Ач холбогдол: 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Дахин сонгохын тулд улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажиллах байдал зогсоно. Үндсэн хуульд заасан ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх нөхцөлийг Ерөнхийлөгч хангах юм. 

7. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх олгох хүрээ

Хуучин заалт: 33.4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

Өөрчилсөн заалт: 33.4. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.

Ач холбогдол: Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх олгохтой холбоотой зохицуулалтыг өөрчилснөөр, Ерөнхийлөгчөөс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлтэй харилцах харилцааг Үндсэн хуулийн суурь зарчим, парламентын засаглалын мөн чанартай нийцүүлэх аж.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

Үндсэн хуульд оруулсан шүүхийн хараат бус байдлыг хангах нэмэлт, өөрчлөлт

Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
617308
3 эможи

Зочин
2020-05-25 14:43
ззз
2020-05-25 10:48
за одоо үндсэн хуулиа дээдлэж түүнд захирагдахуу эсвэл намд тааруулж явхуу
keyboard_arrow_up