Хамгийн олон хууль САНААЧИЛЖ БАТЛУУЛСАН ГИШҮҮД
“VIP76” сэтгүүлээс 2016-2020 оны парламентад суусан гишүүдийн санаачлан батлуулсан хуулийн тоог гаргажээ. Парламентын түүхийн 29 жилийн хугацаанд тасралтгүй 11 сар хуралдсан анхны УИХ гэдгээрээ энэ удаагийн парламент онцлогтой.
Харин халаагаа өгч буй УИХ-ын гишүүдээс хэн нь ажлаа хамгийн сайн хийсэн бэ гэдэгт хариулт өгөхийн тулд үндсэн ажил буюу батлуулсан хуулийнх нь тоог харах хэрэгтэй болно.
Тэгвэл УИХ-ын долоон гишүүн бусдыгаа манлайлж хамгийн олон буюу 20-38 хууль санаачилжээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Д.Оюунхорол, Г.Занданшатар, С.Чинзориг, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар нар үндсэн ажлаа сайн хийсэн үзүүлэлтээр бусдыгаа манлайлсан байна.
Нэг хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэг хийх, санал авах гээд хамгийн багадаа гурван сарын ажил ордог. Өргөн бариад хэлэлцэх дараалалд оруулах гэж бас нэлээдгүй хугацаа орно.
Ингээд бодохоор 20-38 хуулийн төсөл санаачилсан дээрх гишүүд нэгэн зэрэг 2-3 хууль дээр зэрэг суусан гэсэн үг. Үүн дээр ажлын хэсэг ахалсныг нь тооцвол цаг наргүй ажиллажээ гэж дүгнэж болохоор байна.
Эдгээрээс дурдвал,
УИХ-ын гишүүн С.Бямбацогт 35 хуулийн төсөл санаачлан батлуулжээ.
- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгосон.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлуулсан. Тогтоол гарснаар хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгөн тэтгэмжид хамрагдах боломж бүрдсэн.
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Энэ хууль батлагдсанаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой болсон.
- Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль.Хууль батлагдсанаар зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн.
- Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль. Уг хууль батлагдсанаар малчнаар ажилласан нэг жилийг 1.6 жилээр тооцох, нийгмийн даатгалын шимтгэлээр сар, улирал, жилээр төлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ мэт ард иргэдийн нийгмийн асуудалд бодит нөлөө үзүүлэх олон хуулийн төслийг санаачлан батлуулжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ дөрвөн жилийн хугацаанд 20 хуулийн төсөл санаачлан батлуулсан байна.
- Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ хугацаанд таван ажлын хэсэг ахалж, дараах хуулиудыг батлуулжээ.
- Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай,
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
- Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хуулиудыг санаачлан батлуулжээ.
Харин УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг энэ хугацаанд нэг ажлын хэсэг ахалсан байна.
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга,
- Иргэдийн тэтгэвэр, барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай зэрэг 18 хуулийн төслийг санаачилсан байна.
Хамгийн олон хууль санаачилсан эдгээр гишүүдийн араас УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, Ц.Нямдорж нарын гишүүд 13-19 хууль санаачлан батлуулж шил дарж байна.
Н.Учрал гишүүн 9 хуулийн төсөл санаачлан батлуулж, 7 ажлын хэсэг ахалжээ.
- Багшийн хөгжлийн тухай хууль,
- Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль
- Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хуулиудыг санаачилжээ.
Тэгвэл энэ удаагийн парламентад хамгийн бага буюу 0-4 хуулийн төсөл санаачилж батлуулсан А.Сүхбат, Л.Болд, С.Эрдэнэ, С.Жавхлан нарын 14 гишүүн байна.С.Жавхлан гишүүний хувьд ганцхан хуулийн төсөл санаачилсан нь Үндсэн хууль байна.
Эх сурвалж: gereg.mn
|