УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сануулах заалтыг Зөрчлийн хуульд тусгах хуулийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад, өнөөдөр /2020.05.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Уг төсөлд хууль тогтоолын стандарт, хэрэгжилтийг хангуулах, төрийн хяналт шалгалт хийдэг байгууллагууд эхлээд зөвлөн тусалдаг. Алдааг нь анхааруулдаг, алдаагаа засаагүйд нь арга хэмжээ авдаг байхаар хуулийн төслийг өргөн боловсруулсан гэдгийг хууль санаачлагч тодотголоо. Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалгалтын хуулиар зөвлөмж, шаардлага хүргүүлэх замаар иргэн аж ахуйн нэгжид алдаагаа засах боломжийг олгох юм байна. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоо, бүтцийг хөндөөгүй бөгөөд улам бэхжүүлжээ.
Түүнчлэн энэ хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль гээд 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа аж. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнгөрсөн хугацаанд 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулийг шүүмжилж ирсэн гишүүдийн нэг. Тэрбээр тус хуулийг анх санаачилсан гишүүдийг хуулиа эргэж харж, “Эхлээд сануул, дараа нь торго” гэсэн зарчмыг тусгах шаардлагатай гэдгийг хэдэнтээ сануулж байсан юм.
Харамсалтай нь, тус хуулийг батлуулсан гишүүд Зөрчийн хуулиа эргэж хараагүй тул Ж.Ганбаатар гишүүн энэ удаад Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Зөрчлийн тухай хуульд “Эхлээд сануул, дараа нь торго” гэдэг зарчмыг тусгахаар болжээ.