Д.ОЮУНХОРОЛ: Хэцүү цаг үеийг бид хамтдаа эв эетэйгээр даван туулах ёстой
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Хаврын чуулган дөнгөж эхлэхэд та Ковид-19 цар тахлын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Маш оновчтой асуултууд байсан шүү.
-Халдварын тархалтын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар 10 асуулт тавьж, дэлгэрэнгүй хариулт авлаа. Хүн бүрийн дотоодод айдас төрүүлээд байгаа сэдвүүд бий. Оношилж чадах болов уу, эмчилж чадах болов уу, эм тариа, тоног төхөөрөмж бий юу гээд.
Энэ бүх асуултанд хариулт авахын зэрэгцээ халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхан гээд өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байгаа хүмүүст илүү цагийн, онцгой нөхцөл байдлын нэмэгдэл хэрхэн олгох, тэдний гэр бүлийнх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс үзүүлж буй тусламж, дэмжлэг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой болгохыг зорьсон. Ер нь аливаа халдварт өвчнийг хязгаарлахад хамгийн чухал нь хөдөлгөөнийг хязгаарлах, нэгдсэн удирдлагатай байх, нэгдсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх явдал. Дэлхийн өнцөг булан бүрт короно вирусийн халдвар хурдтай тэлж өдөртөө хэдэн мянгаараа халдвар авч, нас барж дэлхий даяараа барьц алдаж байна. Өнөөдрийн мэдээгээр дэлхийн 213 оронд 1 сая 982 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж эдгэрэлт 493,6 мянга, нас баралт 126,7 мянга байна. Өдөр бүр өсөн нэмэгдэх энэхүү гамшигт тоог хүн төрөлхтөн маш их айдастай зүрх шимшрэн сонсож байна. Хамгийн гол нь хэд хүрч, хаана очиж зогсохыг таашгүй. Дэлхий даяараа сандарч байна.
-Манай төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд хэр оновчтой байгаа вэ?
-Дэлхийн улс орнуудыг сөхрүүлж байгаа коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Онцгой комисс зөв цагт оновчтой шийдвэр гаргаж, шуурхай хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд бид энэхүү аюулт тахлыг хязгаарлаж байна.
Энэ дашрамд Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа, энэ арга хэмжээнд оролцож байгаа бүх хүмүүст бэрхшээлийг даван туулахын төлөө шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархаж байгаа. Коронавирусын халдвар одоогоор суурин хүн амд маань тархаагүй ч зөөвөрлөж ирсэн хүний тоо нэмэгдсээр байгаа нь аюулын харанга үүд тогшсоор байгааг харуулсаар байна.Ковид-19-ийн тархалтыг таслан зогсоохын тулд мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох зорилгоор яаралтай тусламж үзүүлэх эрсдэлийн сан байгуулах, цахим платформ байгуулах, яаралтай үед хэрэглэх уушиг орлуулах аппарат, тест, эм тарианы нөөцийг олноор бэлдэж авах хэрэгтэй байна. Түр эмнэлэг ажлуулах нөөц байрнуудыг бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах шаардлагатай гэж үзэж байгаа.
-Эмнэлэг, эмнэлгийн хэрэгслийн нөөц муутай байж өвчтөн зөөвөрлөж ирлээ гэсэн шүүмжлэл нэлээд явж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Манай улс иргэдээ гадаад улс орноос татаж авч байгаа Ерөнхий сайдын байр суурийг зөв гэж үзэж байгаа. Зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэвч бид хүний нутагт суралцаж байгаа, өвчний улмаас болон амьдралаа дээшлүүлэх гэж харийг зорьсон иргэнээ эх оронд нь авч ирэх нь төрийн үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эх орондоо ирж байгаа иргэд ч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн зэрэгцээ үүрэг, хариуцлагаа ойлгож, өөртөө тусалж байгаа төрийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж, зөвлөмжийг биелүүлж, шинжилгээ хийлгэж, хянуулж байж ирэхэд анхаарах хэрэгтэй байна.
Энэ цаг үед бидэнд эв нэгдэл, бие биенээ гэсэн сэтгэл, тэвчээр, хариуцлага маш чухал байна.
2020 оны 4-р сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлснээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 байгаа юм байна. Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байгаа талаар, гадаадад байгаа иргэдээ хэрхэн дэмжиж туслах талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгуулагатай хамтран судалгаа хийж, хариу арга хэмжээг төлөвлөж байгаа тухайгаа Засгийн газраас мэдээлэл өгсөн.
-Засгийн газраас “Covid-19” цар тахалтай холбоотойгоор зургаан сарын хугацаатай ААН болон компаниудын НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд хэчнээн байгууллага хамрагдахаар байгаа вэ?
-Нөхцөл байдал яаж хүндрэхээс үл хамааран бид тулгараад байгаа бэрхшээлийг даван туулах, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг аврахын тулд, эдийн засгийн хувьд тэсэж үлдэхийн төлөө шийдэмгий, зоригтой, шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээнүүдийг арч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд оруулж байна. Улс орнууд энэ өвчний улмаас үүсч байгаа эрсдлийг бууруулах чиглэлээр өөр өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан янз бүрийн арга хэмжээг авч байна. Улсын Их хурлаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарагдах 14 арга хэмжээг тодорхойлсон тогтоол баталлаа. Үүний нэг нь ААНБ-уудыг 4 сарын 1 ээс эхлээд 6 сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөнд бүх ААН хамаарна. Ойролцоогоор 700 мянган иргэн хамрагдах тооцоо байсан. Дээрх хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар шийдвэрлэсэн.Мөн 1.5 тэрбумаас доош орлоготой ААНБ-ын үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй. Энэ үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар Засгийн газраас журам гарахаар зохицуулагдсан.
–Ямар журмаар ААН, иргэдэд 200 мянган төгрөгийн тусламжийг олгох вэ. Хэзээнээс мөнгөн тусламж ААН, иргэдийн гар дээр хүрэх вэ. хэр бодитой дэмжлэг болох бол. Дахиж журам гаргах уу?
-2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно. 200 мянган төгрөгийг хэрхэн яаж олгох талаар Засгийн газраас журам гарна. Дэлхий даяар хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага бий болсноос үүдэн олон хүн амьжиргаагаа алдаж ажилгүй орлогогүй болж, эдийн засгийн хувьд бэрхшээлтэй тулгарч, ядуурал руу гулсаж байна. Манай төр засгаас авч хэрэгжүүлж байгаа дээрх хөтөдбөрүүдэд 5.1 ихнаяд төгрөг зарцуулах тооцоо байсан. Энэ хэмжээний санхүүгийн дэмжлэг ард иргэд, ААН-д очиж байна гэсэн үг л дээ.
-Бидний эрүүл мэндэд аюул тулгараад байгаа учраас хүмүүс айдас түгшүүртэй, бухимдалтай байна.
-Монгол улсын Засгийн газраас цаг алдалгүй Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд бид өнөөдөр аюулт халдварын тархалтыг хязгаарлаж байна.
Аюулыг хязгаарлахын төлөө Засгийн газар, Улсын онцгой комисс, эрүүл мэндийн салбарынхан маань шуурхай, цаг алдалгүй ажиллаж байна. Иргэд бидний хувийн сахилга бат, зохион байгуулалт хариуцлага, хамтын хүчин чармайлт онцгой үүрэгтэйг хүн бүр ухамсарлаж өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой.
Энэ хүнд хэцүү цаг үеийг бид хамтдаа эв эетэйгээр бие биенээ дэмжиж даван туулах ёстой. Цар тахлын үед, улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үед хэрхэн ажиллах ёстой юм бэ гэдгийг төр засгийн байгууллагаасаа эхлээд иргэн хүн бүр маш сайн мэддэг байх хэрэгтэй гэдэг нь дэлхийн олон улс орны сургамжаас харагдаж байна. Иймд энэ чиглэлээрх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
-Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй гэлээ. Ямар ямар хууль вэ?
-Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох хуулиудад өөрчлөлт хийх, Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн үед авах арга хэмжээний тухай хуультай болох хэрэгтэй байгаа. Мөн мэдээллийн солилцоог зөв урсгалтай, шуурхай зохион байгуулахад анхаарах хэрэгтэй байна. Нийгмийн сүлжээг ч хэрхэн хянаж удирдаж, иргэдээ эрсдлээс, айдсаас хамгаалах вэ гэдгийг хуульчлах хэрэгцээ байж болох юм. Эрсдлийн үед аж ахуй нэгж, байгууллага, ажил олгогчид, бизнес эрхлэгчидээ ажлын байраа хадгалсных нь төлөө дампуурлаас хамгаалах, эдийн засгийн эрсдлийг нь бууруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Бусад улс орнууд ч ийм арга хэмжээнүүдийг авч хэрэжүүлж байна. Өөрөөр хэлбэл гамшгийн үед эдийн засгаа зөв зэрэгцүүлэн удирдах хууль эрх зүйн орчин чухал байна. Мөн нийгмийн сүлжээгээр иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч, улс төржүүлэхгүй байхад улс төрийн намууд, улс төрчид анхаарах хэрэгтэй. Нэгдмэл ойлголттой, нэгдсэн нэг санаа бодолтой байж улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй гэж үзэж байгаа.
–Галын шугаманд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой, цагдаа цэргийнхэнд цалин урамшуулал хэр олгож байгаа вэ?
-Цар тахлын үед ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг урамшуулах, нийгмийн баталгааг хангах нь хамгаас чухал. Энгийн хэрнээ анхаарах нэг зүйл бол урамшууллыг хавтгайруулахгүйгээр, яг энэ чиглэлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын хилийн хяналтын, цагдаа, онцгой байдлын ажилтан, гадаад харилцааны ажилтнуудад, хил хамгаалахын ажилтнууд гэх зэргээр эзнээ олж урамшуулах нь чухал. Мөн хүний нөөцөө зөв байршуулах, зөв хуваарилах, тэднийг халдвараас сэргийлэхэд Засаг дарга нарын дэмжлэг чухал шүү.Манай иргэд өөрсдөө санаачилгаараа хандив тусламж өгч байна. Энэ хандивыг эмнэлгийн тоног төхөөрөмж, ажиллагсадын урамшуулалд зарцуулж байгаа нь зөв болсон байна лээ. Бид ажлаа сайн хийж байгаа хүмүүсдээ баярлалаа гэж урамын үгээр мялаахын зэрэгцээ бодит санхүүгийн дэмжлэг, туслалцаа, урамшуулал үзүүлдэг байх нь зүйтэй гэж бодож байгаа.
-Нийгмийн салбарын өөр ямар асуудлыг анхаарах хэрэгтэй гэж та үзэж байгаа вэ?
-Бид ковид-19 вирусыг анхаараад төрийн үйлчилгээнүүд болон эмнэлгийн бусад тусламж үйлчилгээгээ хэвийн авч явахад анхаарлаа сулруулж болохгүй. Хөнгөлөлттэй эм олголт, нийгмийн хамгааллын үйлчилгээ, хүүхэд хамгаалал, боловсролын салбарын тасралтгүй байдлыг хангахад шинжлэх ухааны ололт, техник технологийн дэвшлийг ашиглаж ажиллахын зэрэгцээ багш, сурагч, оюутны эргэх холбоог идэвхжүүлж, мэдлэг олгож байгаа процессыг хянадаг байх ёстой.
-Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг манай орны онцлог, хүн амын байршил, суурьшил, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хуульчлахаар хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Архаг хууч өвчтэй, асаргаа сувилгаа, нийгмийн халамж шаардлагатай иргэдэд зөвхөн эмнэлэгт хэвтэх үед нь бус эмнэлгээс гарсны дараа эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн зарим үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлага байнга байдаг. Эрүүл мэндийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулан авах шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бодит эрэлт хэрэгцээнд тохирсон цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх хуулийн үндэслэл тодорхой болж, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна. Өмнө нь хүн амыг өвдсөний дараа эмчлэхэд илүү анхаарч байсан бол одоо урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн багцыг боловсруулж, эрүүл мэндийн даатгалтай холбон уялдуулж өгөх зэрэг тодорхой өөрчлөлтүүд орж байгаа юм.Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг үр дүнтэй зохион байгуулснаар хувь хүн, гэр бүлийн хувьд эрүүл мэндийн санхүүгийн дарамтаас сэргийлэхээс гадна эрүүл мэндийн байгууллагын оношлогоо, эмчилгээний ачаалал, өвчлөл, нас баралт буурч, санхүүгийн эрсдлээс хамгаалагдана.
Эх сурвалж: Өдрийн сонин