Д.ОЮУНХОРОЛ УНТДАГ ГЭЖ ҮҮ ?
УИХ-ын ээлжит сонгууль ойртож, улс төрийн уур амьсгал хэдийнээ оржээ. Дөрвөн жилийн дараа тойргоо санасан эрхэм гишүүд, ажлаа тайлагнаж, ард түмэнд хайр зарлаж явна. Тэгвэл хэн хэрхэн ажилласныг эргэн санацгаая.
Гэрэл зурагчдын дуранд зүүрмэглэж байгаад өртчихдөг гишүүн бол Д.Оюунхорол. Олны шүүмжилдэг шиг үнэхээр унтаж байдаг уу эс бөгөөс өөрийнх нь хэлдэг шиг нүдээ цавьчих төдийд л папарацид өртчихдөг үү гэдгийг хэлж үл мэднэ.
Ямартай ч тэрээр ангийнхаа эмэгтэй гишүүдийн дунд улиран сонгогдсон гэдгээрээ буурь заадаг. Буурь заадаг гэсэн нь учиртай. Эмэгтэй гишүүд хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудалд хойрго хандаж байна гэж шүүмжлүүлдэг. Харин өнөөх унтаа гишүүн маань тус асуудлыг орхигдуулаагүйгээр үл барам тэргүүлэн оролцож, хуулийн төслүүдийг батлахад ажлын хэсгийг ахалж ажиллажээ. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж, УИХ-аар тус хуулиудыг хэлэлцүүлэн батлуулжээ.
Д.Оюунхорол гишүүнд өөр нэг давуу тал бий. Энэ нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын сонгуульт ажил юм. Үүгээрээ дамжуулж гэр бүл, боловсрол, хүн амын хөгжил, эрүүл мэндийн салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд нэлээд идэвхтэй ажилладаг гэж хэлж болно. Хийсэн зарим ажлаас нь дурдахад, Байнгын хорооноос холбогдох яам, харьяа газартай хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг, “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн, “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол”, ЭМЯ, МҮОНРТ-тэй хамтран “Хавдаргүй монгол гэр бүл” сэдэвт 1000 иргэний зөвлөгөөн, “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгүүд байна.
Үүнээс гадна орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ алба хаагчдыг хамруулах, түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд хамрагдсан эсэх асуудлуудыг шалгаж, судалсан тухайгаа тайлагнасан байв. Түүнчлэн “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” хэлэлцүүлгийг тус тус хийж, олон нийтийн санал бодлыг хуульд тусгах ажлыг ч хийжээ. Мөн Хүн амын хөгжлийн асуудлаарх Найробид болох Олон Улсын хурлын зөвлөлдөх уулзалт, Эрүүл мэндийн яамтай хамтран өрхийн эрүүл мэндийн төв, бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулжээ.
Эдгээрээс гадна УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль батлуулах ажлаа ч чамлахааргүй хийсэн байна. 20 орчим хуулийг бие даан өргөн мэдүүлж, 84 хуулийн төслийг хамт өргөн мэдүүлж, УИХ-ын тогтоолын 13, Засгийн газрын тогтоолын 5 төслийг өргөн барьж, 29 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсанаас 8 ажлын хэсгийг нь ахалж ажилласан байна.
Мөн 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны 334 удаагийн хуралдаанд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар 116 удаа асуулт асууж, 120 удаа үг хэлжээ. Үүнээс үзвэл чуулганы хуралдаанд унтаж байдаг, идэвхгүй нэгэн ч биш бололтой.
Нэгдсэн дүнгээр сонгогдсон тойрогтоо 2017-2020 онд 57.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж ажиллажээ.
Өргөн барьсан хуулиас:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- УИХ-ын сонгуулийн тухай
- УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга
- УИХ-ын дэгийн тухай
- Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай
- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай
- Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
- Итгэлийн зээл олгох тухай
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай
- Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр
- “Чингис хаан” төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоол
- Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам
- Аялал жуулчлалын хөгжлийн төв байгуулах тухай тогтоол
- Монгол-Кувейтын байгаль хамгаалах төвийг аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар болгон зохион байгуулах Засгийн газрын тогтоол
Ахалж ажилласан ажлын хэсэг:
МУ-ын 2019 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн ажлын хэсэг
- Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл
- Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөл
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг
- 2019.05.27-28-ны өдрүүдэд Тогтвортой хөгжлийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн 2-р чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг
- УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” сэдэвт Үндэсний зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсэг
Эх сурвалж: journal.mn
|