ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийднэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эдгээр асуудлын дөрөвдүгээрт УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр оруулсан байна. Б.Батзориг энэ сарын 3-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Харин уг хүсэлтийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, ХЭҮК-ын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудал багтжээ.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2 хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.