ЧУУЛГАН: Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас ЧӨЛӨӨЛНӨ

2020 оны 4 сарын 16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төсөлд, сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгажээ. 

Хуулийн төслийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат чуулганы хуралдаанд танилцуулав. Засгийн газраас агаарын бохирдлыг багасгах зорилгоор нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан. Энэ дагуу  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий Тавантолгой нүүрс компанийг байгуулсан. Тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна.Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу нэг тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгааг төслийн танилцуулгад онцолсон. Иймээс сайжруулсан шахмал түлшийг “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд сайжруулсан шахмал түлшинд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг өмнө нь төсөвт хураан авч төвлөрүүлж байгаагүй, шинээр авч эхэлж байгаа тул төсвийн орлогод нөлөө үзүүлэхгүй аж. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 14-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Ж.Батзандан нар төслийн ажлын багаас асуулт асууж тодруулсны дараа санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616121
0 эможи
keyboard_arrow_up