Д.ОЮУНХОРОЛ: Гамшгийн хамгаалалтанд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд АНХААРАХ хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нарын гишүүдээс “Монгол Улсад короновирус /СОVID-19/-ийн халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Тавьсан асуулгад маш шуурхай хариу ирүүлсэн Засгийн газрын гишүүд болон шадар сайд Ө.Энхтүвшинд талархал илэрхийлье. Аюулт тахлын өмнө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд Монголын ард түмэн талархаж байгаа. Хэдийгээр 16 хүн халдварласан ч эмч мэргэжилтний мэдлэг ур чадварын хүчээр 4 хүнийг эдгэрүүлж чадсан. Эмч нартаа талархаж байна. Тусгаарлан ажиглалт хийснээр эрт илрүүлж чадаж байгаа. Монгол улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж ирэх шаардлагатай байгаа. Энэ хүмүүсийг хүлээн авах бэлэн байдлыг хангах чиглэлээр ямар арга хэмжээг авах боломжтой байгаа вэ" гэдгээ асуултыг тавьсан.
Мөн тэрбээр "Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын ар гэрийнхний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, илүү цагийн мөнгө олгох тал дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. " гэдгээ УИХ-ын дарга болон салбарын хүмүүст хандаж хэлсэн юм.