Г.Занданшатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудад тусгай журмаар ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгохоор судалж байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар хуралдаж байна. Хуралдаанаар Covid-19 цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээл зэрэг асуудлуудаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид ажлын хэсэгт 10 чиглэл өгсөн. Өнөөдөр завсарлагаанаар танилцуулна. Асуудлуудыг судалж байгаа.
Цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдад тусгай журмаар ипотекийн зээл олгохоор судалж байгаа" гэв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Гадаадад байгаа Монгол иргэдээ яах вэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьж байна. Гадаадад байгаа иргэдээс 6650 орчим нь Монголдоо ирэх хүсэлт тавьсан. Ахмадууд , эмчилгээнд явж байсан, хүүхэдтэй хүмүүс, оюутнууд гээд байна. Онгоцны суудал хязгаарлагдмал, нисэх боломж хязгаарлагдмал учраас шийдэх асуудлаар санал боловсруулж байна. Засгийн газар боломжийн хүрээнд шийдээд явна. Тухайн үед нь шийдвэр гаргахаар эргэн мэдэгдье." гэв.