УИХ-ын гишүүн цахим хуралдаанд хоцорсон бол үг хэлэх эрхийг нь хасах санал оруулав
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийг тус Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжсэн юм.
Төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар хийсэн танилцуулгадаа, хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед гишүүдээс гаргасан саналыг ажлын хэсэг анхаарч судлан, санал гаргасан гишүүдтэй ярилцаж ойлголцсоны үндсэн дээр зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол бэлтгэснийг дурдав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, М.Энхболд нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулан Гамшгийн тухай хуульд “олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийг Засгийн газар тогтооно” гэсэн агуулгатай нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нарын саналаар дэгийн тухай хуульд нэмэлт оруулах төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж, уг хуулийн 12.2.7 дахь заалтад “Онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр болов. Түүнчлэн уг хуулийн 21.11 дэх хэсэгт “Онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхийг дэмжлээ.
Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй бол ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулан хэлэлцэх талаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно” гэсэн, мөн “Энэ хуулийн 5.5-д заасан онцгой нөхцөлийн үед чуулганы байршлыг өөрчилж болно” гэсэн агуулгатай хэсгийг тус тус нэмэхээр тогтов.
Мөн Улсын Их Хурлын гишүүн нь товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж оролцох үүрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасах, санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим хэлбэрээр явуулах, харин нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар авах, түүнчлэн энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлд хуралдааныг хаалттай явуулахаар бол хуралдааны дэгийг тусгайлан хуулиар зохицуулна гэсэн агуулгатай заалтыг хуулийн төсөлд нэмж тусгахыг гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах, харин үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтоохыг дэмжлээ. Мөн нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт, саналаа илэрхийлж болох заалтыг нэмж зохицуулахаар тогтов.