УИХ-ын ТАВАН байнгын хороо хуралдана
УИХ-ын 5 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл, Монгол, Францын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагт хуралдаж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.00 цагт хуралдаж, Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ. Уг төслийг 15.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, 16.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.