Чуулганы хуралдааныг ЦАХИМААР явуулахаар судалж эхэлжээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хуулийн заалттай. Харин манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан дөрөвдүгээр сарын 30 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр олон хүн нэг дор цугларахыг хориглож байгаа. Тиймээс УИХ-ын чуулган хуулийн хугацаандаа хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Харин энэ талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн цахим хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал яригдаж байгаа. Учир нь, гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг” гэжээ.
Мөн гишүүдийг нэг танхимд цуглуулахгүйгээр өрөөнөөсөө санал өгдөг байхаар техник технологийн шийдэл гаргаж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.