УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д хийх айлчлалын товыг хойшлуулах болсноо дуулгав

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар тэрбээр энэ сарын дундуур АНУ-д хийхээр төлөвлөж байсан айлчлалынхаа товыг хойшлуулахаар болсныг дуулгалаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа хэлээд, “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим, Сенатаар хэлэлцүүлэх болон Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гаргах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, “Шинэ коронавирусний дэгдэлтийн улмаас дэлхийн олон улс оронд аялал жуулчлалыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож байна. Манай улс өндөр эрсдэлтэй улс орны нэг учир УОК-оос холбогдох арга хэмжээг шуурхай авч байна. Үүний нэг нь төрийн албан хаагчдын гадаад томилолтыг 2020 оны гуравдугаар сарын 30-ныг  хүртэл түр зогсоосон шийдвэр юм. Түүнчлэн НҮБ болон Олон улсын парламентын холбооноос ч олон улсын арга хэмжээ, бага хурлуудаа цуцалж байгаа талаараа бидэнд мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийсэн. Одоо түүнийг тогтоосон журмын дагуу тусгаарласан. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-аас шинэ коронавирусний халдвар тархсан, эсвэл халдвар тархах өндөр эрсдэлтэй 25 оронд 37 сая ам.доллароор туслахаа зарласан. Энэ бүс нутагт Монгол Улс багтаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департамент болон Засгийн газарт талархаж байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдад хандан энэ сарын дундуур АНУ-д хийхээр төлөвлөж байсан айчлалыг зохион байгуулахад дэмжиж байгаад талархал илэрхийлэхийн сацуу УОК-ын шийдвэрийг дагаж, айчлалын товыг хойшлуулах асуудлыг шийдэх шаардлагатай байгааг учирлав. Энэхүү айчлал нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг мөн тэмдэглэв. 

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзаж буй УИХ-ын дарга Г.Занданшатарт хариу талархаад, Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлэв. Тэрбээр холбогдох байгууллагуудтай хамтран, айлчлалын хугацааг дахин товлох асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Спикер хатагтай Н.Пелоситой албан ёсны уулзалт хийж, Конгрессын төлөөлөгчдийн танхимын Байнгын хороодын удирдлагууд, Сенатын гишүүд, Конгресс дахь АНУ-Монголын бүлгийн удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгаа юм. Мөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг АНУ-ын Конгрессоор батлуулах үйл явцыг урагшлуулах, ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарахад хамтран ажиллах талаар АНУ-ын Сангийн яамны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614439
0 эможи

уншигч
2020-03-06 09:34
Зандан шатар чи дэмий хэсэх гэж битгий зүтгээд бай америк руу бүр хэрэггүй бүр боль. Цуцал наад явалтаа харин орос руу хий хоолой яасан бэ гээд явбал дэмжиж байна. Америк руу ямар сүүжээ хайж явах гээд байгаа юм.
keyboard_arrow_up