Б.Оюумаа: Онцгой нөхцөл үүсвэл сонгуулийг хойшлуулах бүрэн эрх УИХ-д бий
Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Үүний хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа юм. Манай улс ирэх зургаадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хэдийгээр цаг хугацааны хувьд хол байгаа ч Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өчигдрийн байдлаар дэлхийн 73 улсад бүртгэгдээд буй коронавирусийн дэгдэлт намжихгүй, манай улсад халдварын тохиолдол бүртгэгдвэл УИХ-ын сонгуулийг явуулахгүй байх зохицуулалт байдаг эсэх талаар сонирхох хүн цөөнгүй байна. Тэгвэл Сонгуулийн тухай хуульд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонгуулийн үйл ажиллагааг зогсоох зохицуулалтыг тусгасан байдаг аж.
Энэ талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн тухай хуульд хэрэв онцгой нөхцөл байдал үүсвэл сонгуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулахыг заасан заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-т хэрэв онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан.
Тэгэхээр энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд онцгой, нөхцөл байдал арилсны дараа ажлын долоо хоногийн дотор УИХ сонгуулийг дахин товлон зарлана. Гэхдээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө. Тэгэхээр зарласан хугацаанаас нь хойш дор хаяж хоёр сарын дараа санал хураалтыг зохион байгуулна” гэв.
М.Энх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин