НББСШУБХ: Гахай жилийн ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮД
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 2019 онд нийт 9 хууль, УИХ-ын 5 тогтоолыг батлуулжээ.
ОНЦЛОХ ХУУЛИУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
1.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэн батлууллаа
Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд нь хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдолтой.
Хууль хэрэгжсэнээр зорилтот бүлгийн иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулснаар 2030 он гэхэд
- элэгний хорт хавдрын нас баралтыг 30%,
- ходоодны хорт хавдрын нас баралтыг 42%,
- умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 %-ийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой.
Манай улсад жилд 6000 хүн хорт хавдар гэсэн онош сонсож, 60% нь тэр жилдээ нас барж байна. Хорт хавдраар өвчлөгсдийн 36% нь элэгний хорт хавдраар, 15% нь ходоодны хорт хавдраар, 6% нь улаан хоолойн хорт хавдраар, 8% нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд байгаа бөгөөд нийт хавдраар нас барагсдын 65%-ийг энэ 4 төрлийн хорт хавдар эзэлж байна.
2.Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулав
БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 онд батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоох заалтууд шинээр нэмсний дотор зарим иргэдийн тэтгэвэр тогтоолгох насыг наашлуулсан.
- Уг хуулийн заалт нь эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж, хөдөлмөр хийж олох байсан орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр бага тогтоогдож, нийгмийн баталгаа нь алдагдаж ирсэн.
- 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарсан 21,2 мянган иргэн НДС-аас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн
- 14 465 нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд,
- 3786 нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд,
- 2957 нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд эзэлж байна.
Эдгээр 21208 иргэдийн тэтгэврийн суурь хэмжээг 50,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд шаарагдах 12.7 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт суулгаснаар хууль бүрэн хэрэгжиж эхлээд байна.
3. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар 31-ний байдлаар нийтдээ 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүнээс 54.5 хувь буюу 229.4 мянган тэтгэвэр авагч нь 763.3 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хуульд дараах зарчмын асуудлууд туссан.
Үүнд:
- Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоов.
Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшүүлэх зохицуулалтыг тусгав.
Тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр тусгасан.
Үнэт цаасыг 2021.05.21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр заасан.- Тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх зорилгоор тэтгэвэр авагч жилд нэг удаа 6 хүртэл сараар тэтгэврээ барьцаалан зээл авах боломжтой болголоо.
4. Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
Инновацийн үйл ажиллагаа, дэд бүтэц, түүнд оролцогч талын эрх үүргийн хуваарилалт тодорхой болж, талуудын оролцоо тэгш хангагдан, төрөөс олгож буй санхүүжилтийн дэмжлэг оновчтой болж, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох, төр-хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэл өргөжин тэлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой.
Хууль хэрэгжсэнээр эдийн засагт инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хувь хэмжээ, шинэ бүтээгдэхүүн, технологи бий болж, олон улсын зах зээлд үндэсний брэндийг нэвтрүүлэх урт хугацааны тогтвортой хөшүүрэг, суурь тавигдах боломж бүрдэнэ.
5. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлууллаа
Уг хууль батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ.
Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан.
Энэхүү Их дүйчин өдөр Бурханы шашны орнуудад
- мацаг барих,
- согтууруулах ундаа худалдаалахгүй байх,
бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих,
ядууст хоол, өглөг өгөх, бусдад туслах,
төрийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх,- мод тарих,
- их цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлсийг дэлгэрүүлдэг.
Энэ үеэр баяраас үүдэж гардаг архидан согтууралтай холбоотой хэрэг болон баярын өдрүүдэд гардаг гэмт хэргийн тоо эрс буурдаг нь бусад тэмдэглэлт баяруудаас эрс ялгардаг байна.
Эрүүл мэнд боловсролын салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлс, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаа
1. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн хэмжээг 2020 онд эрс нэмэгдүүлж 964,6 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд 2017 онд 694,7 тэрбум төгрөг байсантай харьцуулахад 38 хувиар өссөн.
1.Хавдар судлалын үндэсний төвийг 120 ороор өргөтгөхөд шаардагдах 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгалаа.
Энэ төсөв шийдэгдсэнээр ХСҮТөв
- Амбулаторийн 12 кабинет,
- мэс заслын 4 өрөө шинээр нэмж ажиллуулна.
- Хүчин чадал 74 хувиар нэмэгдэж, хүлээгдэл 2 дахин буурна.
- Эмнэлгийн талбай нэмэгдсэнээр одоо ашиглаж байгаа урд талын гурван давхар өргөтгөлийн шар байранд хөдөө орон нутгаас ирж, удаан хугацаанд олон давтамжтай хими, туяа эмчилгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгчдэд зориулсан сувилахуйн төвийг байгуулахаар ажиллаж байгаа.
2. 2020 оны төсөвт өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн тарифыг 2 дахин нэмэгдүүлж, 15.0 мянган төгрөг байсныг 30.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн бөгөөд уг арга хэмжээнд шаардагдах 26.7 тэрбум төгрөгийг шийдэж өглөө.
Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75,8 хувиар нэмэгдсэн. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэнэ.
Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлж, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд сэргээн засах тусламж, үйлчилгээ 20.000 төгрөг байсныг 45.000, өдрийн эмчилгээ 30.000 төгрөг байсныг 70.000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25.000 байсныг 50.000-70.000 төгрөг болгож тус тус өсгөсөн.
3. Төрийн өмчийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг 118 оношилгооны хамааралтай бүлгийг 303 бүлэгт, улсын төсвөөс санхүүждэг тусламж, үйлчилгээг 101 оношийн хамааралтай бүлэгт тус тус шилжүүлж, суурь тарифыг нэмэгдүүлснээр төрийн өмчийн эмнэлгүүд үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоо, чанартаа тохирсон санхүүжилтийг авахаас гадна ажлын ачаалалтайгаа уялдуулж бүтэц, орон тоогоо шинэчлэх, ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, төсвийн менежментээ бие даан хэрэгжүүлэх боломжийг бий болголоо.
- 2020 оны 2 дугаар сараас эхлэн даатгуулагчид хэвтэн эмчлүүлэхэд төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ялгаваргүйгээр ижил 400 мянган төгрөгийн санхүүжилттэй боллоо. Тухайлбал, өмнө даатгуулагчид хэвтэн эмчлүүлэхэд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилт авдаг байсан.
2. Багшийн цалинг нэмэгдүүллээ
- Өнгөрсөн жилүүдэд буюу 2015-2017 онд Монгол Улсын хувьд төсөв, санхүүгийн амаргүй, хүндрэлтэй нөхцөл байдлыг туулсан учир шалтгааны улмаас төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэлгүй 2018 он хүрсэн байсан.
- Харин 2018 оноос эхлэн Засгийн газраас цалин, хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого баримтлан, хэрэгжүүлж байна.
- Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор багш нарын цалингийн ангилал, зэрэглэлийг өөрчилж 20%-иос доошгүй нэмэгдүүлсэн.
- Ингэснээр бага ангийн багшийн дундаж үндсэн цалин 713,468 төгрөг болж, 2014 онтой харьцуулахад 163.099.0 төгрөгөөр /29,6%/, 2018 оны 9 сартай харьцуулахад 95.460 төгрөгөөр нэмэгдсэн.
- Дунд, ахлах ангийн багш, сургуулийн нийгмийн ажилтаны цалингийн ангилал, зэрэглэл 1 шатаар нэмэгдэж дундаж үндсэн цалин 713.468 төгрөг болж 2014 онтой харьцуулахад 163.099.0 төгрөг /29,6%/, 2018 оны 9 сартай харьцуулахад 119.069 төгрөг /20%/ -өөр нэмэгдсэн.
- Дотуур байрын багшийн дундаж үндсэн цалин 669.861 төгрөг болж 2014 онтой харьцуулахад 159.238 төгрөг /31,2%/-өөр, 2018 оны 9 сартай харьцуулахад 118.388 төгрөг /21,5%/ -өөр нэмэгдсэн.
- Ингэснээр багш нарын дундаж үндсэн цалин 20-26.3 хувиар нэмэгдээд байна.
- 2019 оны 1 дүгээр сараас төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жил ажилласны нэмэгдэл бодогдоно.
Цаашид ч эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх бодлого баримталж байна.