Хууль зүйн байнгын хороо 42 ХУУЛЬ, долоон ТОГТООЛ батлуулжээ
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны гүйцэтгэсэн ажлын тайланг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр танилцууллаа.
Тус байнгын хороо энэ хугацаанд 42 хууль, долоон тогтоол УИХ-аар батлуулжээ.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, 14 тогтоолын төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Тус байнгын хорооны тогтоолоор, зургаан ажлын баг байгуулж 66 удаа хуралдсан болохыг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдээлэлдээ дурдсан.
Тэрбээр, энэ хугацаанд хэд хэдэн бие даасан, томоохон хууль УИХ-аар батлуулсныг онцлон тэмдэглэв. Тухайлбал, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болгох замаар өмгөөллийн ажил эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Өмгөөлөгчийг сонгон шалгаруулах, өмгөөлөл явуулах, өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой болгох, эрүүгийн болон иргэний эрх хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцох эрх зүйн байдлыг тодорхой болгосноороо чухал ач холбогдолтой гэв. Монгол Улсад 1924 оноос хойш өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, 2013 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчингүй явж ирсэн бол 2019 оноос эхэлж өмгөөллийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах эрх зүйн орчин бүрджээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|