Манай улс БНХАУ-д 200 мянган долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонсов.
Мэдээллийг Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд танилцуулсан юм.
Вирусээс амгаалах асуудлаар Засгийн газар хоёр, Улсын онцгой комисс хоёр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэг удаа хуралдсан байна. Одоогоор Монгол Улсад тус вирусээр хадварласан тохиолдол гараагүй ч урьдчилан сэргийлэх талаар бүхий л боломжит ажлыг өрнүүлж буй юм. Тухайлбал, Улсын онцгой комиссын хуралдаанаар БНХАУ-ын Ухань хот дахь монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53.000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах, онцгой байдал, хил хамгаалах, мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг мөн шийдвэрлсэн байна. Мөн БНХАУ болон шинэ коронавирусний халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах байр бэлджээ. Түүнчлэн төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим хилийн боомтыг хаах шийдвэр гаргажээ. Агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд, тус улсаар дамжин Монгол Улсыг зорьж байгаа гуравдагч орны иргэнийг ирэх сарын 1-нээс гуравдугаар сарын 2-ныг дуустал Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Харин тус улсад амьдарч байгаа эх орондоо ирж буй Монгол иргэнийг Буянт-Ухаа нисэх буудал, Замын-Үүдийн галт тэрэгний буудлаар авч байхаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ худалдаа арилжаа, Монгол Улсаас гадагшаа гаргаж байгаа нүүрс, газрын тосыг хэвийн үргэлжилнэ гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэллээ.
Мөн БНХАУ-д буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан гэдгийг онцлон тэмдэглэв. БНХАУ-ын Ухань хотод Монголын 33 иргэн байгаагаас 2 нь тэндээ үлдэх, 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Энэ дагуу БНХАУ-д ноот бичиг хүргүүлж, онгоц нисгэж иргэдээ татаж авах зөвшөөрлөө авчээ. Одоогоор онгоцоо хэзээ нисгэх, хэрхэн иргэдээ авах талаар нарийвчлан тохирох ажил үргэлжилж байгааг хэллээ.
Батлан хамгаалахын сайдын мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
ШУУД ҮЗЭХ: