Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцээд санал хураалтыг цаасаар нууцаар явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн байна.
Тодруулбал, УИХ-ын 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгсөн байна. Гэсэн ч шийдвэрийг баталгаажуулах УИХ-ын тогтоолын төслийг олонх нь дэмжээгүй аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авчээ.
Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн "Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Би УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Гэхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв.
2020.01.30 /13.00 цаг/
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нээлттэй хуралдаж хэлэлцэхгүй бол нийгэмд хардлага дагуулж байна. Нөгөө талаар хаалттай хэлэлцэх ч асуудал биш байна лээ хэмээгээд асуудлыг нээлттэй хэлэлцэх горимын гэсэн санал гаргасан боловч дэгээрээ хаалттай хуралдах ёстой гэдгийг хуралдаан даргалагч хэлээд чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг яг одоо УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд гишүүд нууцаар санал өгнө.
Сануулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн дэмжсэн бол УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй юм.
Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргасан билээ.