“Цэнэг хураагуурын систем байгуулахад АХБ-наас $100 саяын хөнгөлөлттэй зээл авна“
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцжээ.
Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банканд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохиролцсон.
Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж,
- эрчим хүчний хувьд бие даасан байдлаа хангах,
- эрчим хүчний системийн уян хатан байдлыг сайжруулах,
- сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих,
- эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах,
- эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж буйг дурдлаа.
Мөн уг Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсов.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болсныг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв