ЖДҮ-чдээсээ жижигрээд, Н.Номтойбаярыгаа ноолно
Монголын сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ыг үнэмлэхүй олноор нь сонгосон. Харамсалтай нь энэ сонголтыхоо шан ч гэх үү, гор ч гэх үү юмыг бараг дөрвөн жилийн турш хангалттай хүртлээ.
Хамгийн гол нь “…Биднийг яаж ч чадахгүй” гэсэн хандлага, дүрийг энэ намынхан байнга үзүүлсээр ирлээ.
Ямбыг бол эдлэх шиг болсон. Улсыг, төрийг хувийн компаниа гээд үзчихсэн. Төсвийг, сангуудыг өөрийнхөө хөрөнгө гээд бодчихсон. Мөн ч их туйллаа даа. Одоо ч дуусаагүй байна.
Хэдхэн сарын дараах сонгуулиар МАН унавал, тэгээд өнгөрсөн жилүүдэд юу хийснийг нь ухвал ой тоонд оромгүй их”баас” гарна гэдгийг учир мэдэх хүмүүс их л ярьж байна.
Ард түмнээс гуйж гуйж сонгогдчихоод буцаад доромжилсон хамгийн тодорхой жишээ бол ЖДҮ-гийн хэрэг юм.
Хөөрхий, тэр сайд, ЖДҮ-гийн дарга хоёрыг бол дарамтлаад, шахаад, шаардсаар байгаад УИХ-ын олон гишүүн “зээл” авчихсан байгаа юм. Маш ноцтой. Тэрнийх нь ялыг гишүүдэд дарамтлуулж, шахуулсан сайд, дарга хоёр нь үүрэх гээд сууж байна. Энэ шударга явдал мөн үү.
Тэр ч байтугай Улсын Ерөнхий прокурор жил гаруйн өмнө УИХ-ын дөрвөн гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн байна гээд барим тавим баримт дэлгэж хүртэл байгаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг гаргасан. УИХ, түүн дэх МАН-ын бүлэг энэ гэмт хэрэгтнүүдээ хамгаалан авч үлдсэн. Тэгээд хэрэг явдал нь таг чиг болчихож байгаа юм. Маш тодорхой, олон нийтийн эрх ашгийг илтэд зөрчсөн, Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн төрийн түшээдийн гэмт үйлдэл юм шүү дээ.
МАН-ын тэр ЖДҮ-чид өнөөдөр УИХ, Засгийн газарт өндөр албан тушаал хашсан хэвээр, улс орны төлөө хэмээх худлаа үгээ ярьсаар сууж байгааг бид мэднэ.
Тэдний гайгаар ЖДҮ-гийн салбар сөнөж, жинхэнэ ЖДҮ-чид төрийн дэмжлэг үгүй тул үйлдвэрлэлээ зогсоож, дампуурч байна. Энэ салбарт ганц нэг оймсны үйлдвэрээс өөр олигтой яваа үйлдвэрлэл байхгүй. Үнэн шүү.
Монголын төр дэх ЖДҮ-чид ийм л гай тарьсан. Тэднийг МАН-ынхан яаж ч чадахгүй байгаа. Хэрвээ ЖДҮ-чидтэй жинхэнэ ёсоор хариуцлага тооцвол УИХ ч, МАН ч татан буугдах болчихоод энэ талаар арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн гэдэг юм. Яагаад гэдгийг хүн бүр ойлгоно.
Харин МАН-ын удирдлагууд сүүлийн хэдэн өдөр Н.Номтойбаяр гэдэг гишүүнээсээ салчих гээд үзэж тарж байна. Улсны Ерөнхий прокурор санал оруулж ирсний дараа МАН-ын бүлгийн хурал дээр намын дарга нь “…Бүрэн эрхээсээ саналаараа татгалз” гэж Н.Номтойбаярт хэлсэн байгаа юм. Нөгөөх нь “…Үгүй” гэсэн. Дараа нь Байнгын хороо хуралдаад “…Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн.
Тэгвэл өчигдөр МАН-ын Хяналтын хорооноос Н.Номтойбаярыг намаасаа хөөх шийдвэрийг гаргажээ. Тэд энийгээ хасах гэж зөөлөн хэлдэг юм.
Эндээс л эрх баригч МАН-ын, тэднээс бүрдсэн УИХ, Засгийн газрын зөрчил харагдаад байгаа юм. Н.Номтойбаярын асуудлыг хуулийнхан шийдэх гэвэл бүрэн эрхтэй, эрхгүй шалгаад тогтоочих боломжтой аж. Хуулийн хүний үг шүү. Тэгээд ч Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудалд улстөржсөн байдал илт ажиглагдаж байгааг энд хэлэх хэрэгтэй.
ЖДҮ-чид Н.Номтойбаяр хоёрын асуудлыг зүгээр л харьцуул даа. Маш их ялгаатай.
Гэвч Н.Номтойбаярт ингэж хуйнаасаа сугардаг сэлэм ЖДҮ-чдийн өмнө очихоор хуйндаа гацчихаад байдаг. Сонин юм шүү.
Тэгэхээр ийм байна. Хэрвээ МАН ирэх сонгуулиар амжилт ялалт гаргая гэж бодож байгаа бол, хэрвээ ард түмэнд амласан шударга ёсыг сахиулан биелүүлэх бол юуны түрүүнд ЖДҮ-чдээ л цээрлүүлэх ёстой. Наад зах нь сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хэрэгтэй.
Хамгийн гол нь МАН болоод албан утшаал, эрх мэдэлтэй нэр бүхий хүмүүс ЖДҮ-чиддээ жижигрээд, Н.Номтойбаярыгаа ноолоод байгаагийн шалтгаан нь “…Хаан шалдан байна” гэдэг шиг тодорхой харагдаад байна.
Тиймээс “…Н.Номтойбаярт ингэж цээрлэл хүртээж байгаа шигээ ЖДҮ-чдээ яах нь вэ” гээд олон нийт, сонгогчид анхааралтай ажиглаж байгааг тэдэнд дуулгая.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.30 ПҮРЭВ № 20 (6245)