ЧУУЛГАН: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа.
Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн ажлын багийн танилцуулснаар, Оюуны өмчийн газарт шинэ бүтээл жилд 170-180 орчим бүртгэгддэг байна. Ноднин ашигтай загвар 250-300 орчим, барааны тэмдэг 3900 бүртгэгджээ.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм.