МАН Н.Номтойбаяраар ДУТАХГҮЙ
Ердөө таван сарын дараа бүрэн эрх нь дуусах УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нэгдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын даргад ирүүлсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх ёстой. УИХ-ын хамгийн ахмад таван гишүүнээс бүрдсэн Халдашгүй байдлын дэд хороо хуралдах байсан ч хоёр ч гишүүн нь гадаадад томилолттой яваа учраас ирц бүрдэлгүй, хурал хойшилж, өнөөдөр товлогдоод буй. Гэхдээ өнөөдөр мөн л ирц хүрэхгүй байх нөхцөл үүсээд байгаа юм. Учир нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан эзгүй байгаа учраас Халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн хуралдах уу, үгүй юү гэдэг асуудал үүсч байгаа юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар
УИХ-ын тухай хууль:
- 6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
- 6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
- 6.11-т “Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг.
Өмнө нь дөрвөн нь ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн ч УИХ авч үлдэж байсан юм. Гэвч энэ удаад МАН-ын гишүүдийн дунд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд талцал үүсгэж байгаа ч энэ удаад авч үлдэхгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
Н.Номтойбаяр гишүүний хувьд ч өөрийгөө буруугүй гэдгийг нотлохын тулд Халдашгүй байдлын дэд хороонд хуралдааныг нээлттэй явуулах, өөрийн биеэр оролцох, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарыг хуралд оролцуулах, гадаад улсад эмчилгээтэй байгаа учраас дэд хороог нэгдүгээр сарын 25-наас өмнө хуралдуулах, эсвэл хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулах хүсэлтүүдийг тус хорооны даргад хаяглан гаргажээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд яаж ийгээд л хэл аманд орчихдог, онц ноцтой үйл явдлын гэрч эсвэл гол баатар болчихдог нэгэн. Түүний хувийн амьдралын тогтворгүй дуулианы талаар бид өмнө нь мэдээлж байсан. Сенсаци тойрон эргэлдсэн Н.Номтойбаяр өдгөө 40 хол давсан улс төрч болсон. Насаараа аавынхаа нөмөр нөөлөг, хүчээр улс төрд явсан ч түүний хувийн сахилга бат, харицлагагүй хандлага иргэд, сонгогчид төдийгүй намын гишүүдийнх нь дургүйцлийг хүргээд байгаа нь нууц биш юм. Хувь, хувьсгалын амьдрал нь тогтворгүй Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал Ч.Улаан сайдыг иртэл хүлээх, эсвэл эрүүл мэндийн шалтгаантай байгаа Н.Номтойбаярыг хүлээх үү гэдэг асуудал үүсч байгаа юм.