Ц.Нямдорж: Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж дууслаа.
Ингээд гадаадад томилолттой явж байгаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарыг Монголд ирсний дараа дахин хуралдаж, шийдвэрээ гаргахаар болсон байна.
Уг нь Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай.
Тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, "Энэ асуудал яалт ч үгүй хууль зөрчихөөр боллоо. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралд Н.Номтойбаярыг оролцуулна. Түүний хүсэлтээр дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй. Учир нь УЕП-оос асуудлыг нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн" гэв.
Харин Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Би зөвхөн санал өгсөн. Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаагүй байна. Тиймээс би үндэслэлийг одоо хэлэх боломж алга" хэмээжээ.