Ц.Мөнх-Оргил: Оны сүүлээр 10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээл ихээр гарсан байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд хуулийн төслийн талаар ажлын хэсгээс асуулт асуусан юм.
ХНХ-ын сайд С.Чинзориг "ҮАБЗ-ийн хэмжээнд тэтгэврийн зээлийг тэглэх хүрээнд боловсруулсан. Одоогийн үйлчилж байгаа хуулиар ахмад настан өөрөө зөвшөөрөөгүй бол барьцаалахыг хориглоно гэсэн. Тэтгэвэр барьцаалан зээл олгохыг шууд хориглоно. Иргэдийн 98 орчим хувь нь 6 сая хүртэл төгрөгийн, 10 орчим хувь нь 6-аас дээш сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй байгаа. Хуулийн төслийг боловсруулахдаа анх иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэлх төгрөгийг тэглэх санал анх гаргаж байсан. Гэвч ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгасан чиглэлээр явах болсон." гэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Хэдэн хүн 12 дугаар сард нэмэлт зээл авсан байна. Тэр хүмүүс дотор ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын гишүүдтэй төрөл садны холбоотой байна уу? Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсан байна лээ шүү. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ гарах нь эрт тодорхой болсон юм билээ шүү." гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Нэг сарын дотор 100 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Тэтгэврийн зээлийг тэглүүлэх шийдвэр гаргах мэдээллээ алдчихсан юм биш үү. Би бол шинэ жилээр л мэдсэн. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийг зогсоож, хүүгүй, богино хугацаатай тэтгэврийн урьдчилгаа олгодог болно гэж байна. Олон мянган иргэн нэг сард бүгд урьдчилгаа авбал, санхүүжилтийн эх үүсвэрийг нь яах вэ. Нийгмийн даатгалын санд ийм ачаалал даах боломж бий юү?" гэв.