Ноён уулыг тусгай хамгаалалтад авах төслийг энэ долоо хоногт өргөн барина
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны анхны хуралдаан /2020.01.07/ 11 цаг 27 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.
Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар болсныг онцоллоо.
Эдгээр нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэнэ гэж төсөлд дурджээ.
Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгана гэж байлаа.
Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх аж.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-д оруулж ирэх хугацааг тодруулахын зэрэгцээ Засгийн газарт Монгол улсын газар нутгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайн бүс нутаг болгон төрөлжүүлэн хөгжүүлэх нэгдсэн бодлого бий эсэхийг илүүтэй лавлав.
Ноён уултай холбоотой асуудалд Улсын дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргасан тул энэ долоо хоногтоо багтаад Улсын Их Хуралд өргөн барихаар болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Засгийн газраас хариуцлагагүй уул уурхай, замбараагүй олгосон лицензийг цэгцлэх зорилгоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллуулж, тодорхой үр дүнд хүрч байгааг гишүүдэд дуулгав. Түүнчлэн Засгийн газрын зүгээс хариуцлагатай уул уурхай, технологийн дагуу үйл ажиллагаа явуулдаг томоохон ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдийг 100 хувь дэмжиж байгааг тодотголоо. Харин иргэдийн амьдрах орчинд нөлөөлсөн, байгаль орчныг бохирдуулсан, нөөц баялгийг технологийн дагуу ашиглаж чаддаггүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохоор тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байгааг дурдаад цаашдаа уул уурхайн бүс нутгаа тодорхой болгох асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байгаа талаар салбарынн сайд хариултдаа онцолсон.
Ингээд “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн “Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэхийг хэлэлцсэн.
Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Өдгөө Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл ургамал бүртгэгдээд байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйл ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүсээд байна. Мөн Монгол орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь мал бэлчээрлэлт ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байна. Байгалийн ургамлын ховордлын шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгааг талаар дурдлаа.
Байгалийн ургамлын тухай хууль 4 бүлэг 22 зүйлтэйгээр 1995 оны 06 сарын 05-ны өдөр батлагдаж, 1997-2015 онуудад 4 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюул тулгараад байгаа нь дээрх тоо баримт болон гадаад дотоодын эрдэмтэн судлаачид нотолж байна. Мөн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Иймд эдгээр шаардлагыг үндэслэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, Олон улсын гэрээ конвенцод заасан холбогдох үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж нутаг орны хэмжээнд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутаг /in-situ/-т нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй /ex-situ/ орчинд тарималжуулан хадгалан хамгаалах ажлыг Төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх, Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хатаамал, өсгөвөр, үр үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах асуудлыг тусгажээ.
Мөн экосистемийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулахыг, хүнс техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох, харь зүйл ургамал тархахаас сэргийлэх, хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, байгалийн ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байхаар тусгасан байна. Мөн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, зөвхөн элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор байгалийн ургамлыг тарималжуулан ашиглах, мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Монгол улсын нэгдэн орсон конвенци болон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулж, холбогдох зүйл заалтыг өөрчлөн найруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс байгалийн ургамал устах, доройтлын гол шалтгаан болсон хүний хүчин зүйл, нөлөөллийг бууруулахын тулд хууль гаргаад өнгөрөх бус салбарын яам, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэд малчдыг соён гэгээрүүлж, тэднийг үүрэгжүүлж, хариуцлагажуулах, мэдээллээр хангах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат гишүүдийн саналтай санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ байгалийн ургамлын хамгаалалтын асуудалд цаашдаа ургамлын банк байгуулж, тусдаа судалгаа хийх, доройтсон бүс нутагт дахин эко систем хийж сэргээх боломжуудыг энэ хуулиар нээж өгнө гэж байлаа. Мөн одоогоор 82 харь зүйл ургамал бүртгэгдээд байгаа тул хуулийн төсөлд хязгаарлалтын асуудлыг тусгахын зэрэгцээ байгалийн ургамлын зохистой ашиглалтыг тодорхой болгохоор зохицуулсан. Товчоор хэлбэл, шинэчилсэн найруулгын төсөл нь нөхөн сэргээх боломжгүй болтол нь байгалийн ургамлыг нэг удаагийн үйлдлээр ухвар мөчид үүднээс түүж ашиглаж устгадаг явдлыг зогсоох зорилготой байгаа гэж байлаа.
Ингээд“Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримталын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.