Вьетнам улстай батлан хамгаалахын салбарт хамтран ажиллана
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Монгол Улс Вьетнам улстай улс төр, худалдаа эдийн засаг, соёлын салбараас гадна батлан хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж байна. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд харилцан ойлголцлыг бэхжүүлэх, зэвсэгт хүчнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-30-нд БНСВУ-д албан ёсоор айлчилж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэсэн байна. Найман зүйлтэй уг төслийг баталснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, цэргийн эмнэлэг, цэргийн сургалт, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах аж үйлдвэрийг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.