УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Шинэ жилийн мэндчилгээ
Тусгаар улсын бүрэн эрхт иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.
Шинэ мянганы 20-р оныг монголчууд бид түүхэн үйл явдлуудаар дүүрэн бэлгэтэй угтан авч байна. Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, хөгжил дэвшлийн дараагийн 30 жилийг эхлүүлэх суурь нийгмийн гэрээгээ сайжруулан өөрчилж, Үндсэн хуульт төрийн тогтолцоогоо бататган бэхжүүллээ.
Сүүлийн гурван чуулган дамнаж 10 гаруй жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад хичээн зүтгэж гар бие, сэтгэл оюунаа дайчлан зүтгэсэн мянга мянган иргэдийн төлөөлөлтэй хамт Та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна.
Тэгш эрх, шударга ёс, баялгийн зөв хуваарилалт хүссэн ард түмний дуу хоолой сүүлийн нэг жилд олон өөрчлөлтийг бий болголоо. Нэг хэсгийн явцуу эрх ашигт үйлчилдэг болсон төрийн бодлого, нийт ард түмний нийтлэг эрх ашигт үйлчилж эхэлснээр шударга ёс сэргэн тогтож, баялаг эздэдээ хүрч, авлига хээл хахуулийн хэрэгтнүүд хуулийн хариуцлагын өмнө дуудагдаж, иргэдийн итгэл сэргэж байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, бүтээн байгуулалт эрчимжин, ажлын байрууд нэмэгдэж, гацаанд орсон дэд бүтцийн томоохон төслүүд эхэллээ.
Сайн мэдээ олон ч саар сорилт ч мөн биднийг хүлээж байна. Улс төрийн буруу бодлого, сэтгэл зүтгэлгүй цөөхөн хүмүүсийн хариуцлагаас мултрах, нийтийн баялгийг өөртөө давуу эрх олгон завших гэсэн явцуу үйлдлүүдээс болж гаргасан хууль, шийдвэрүүдээс үүдэн Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагын хүндхэн хоригт орж, амаргүй цаг үеийг туулж байна. Энэ жилээс төлөгдөж эхлэх, 2012-2016 онд бий болсон олон гоё нэртэй бондуудын их хэмжээний төлбөр ч биднээс санхүүгийн өндөр сахилга бат шаардаж байна.
Монгол Улс саарал жагсаалтаас зургаан сарын дотор гарахаар бүхий л түвшинд ханцуй шамлан ажиллаж байна.
Монголчууд бид үнэнтэй нүүр тулах цаг ирсэн. Энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай, хариуцлагатай жил. Улсаа биш намаа, эрх ашиг нэгтэй бүлэг фракцаа бодсон явцуу улс төр хийх цаг одоо биш ээ. Иргэн бүр эх орноо, ирээдүйгээ бодож шийдвэр гаргах түүхэн хариуцлагатай жил ирж байна.
Монгол төрийн эрх барих дээд байгууллагын хувьд УИХ, аль нэг намын явцуу эрх ашгаар бус, улс орны хөгжил дэвшилд суурь болно гэж зөвшилцсөнөөр Сонгуулийн тухай шинэ хуулийг хэлэлцэн баталлаа. Монголын улс төрд шинэ салхи үлээж, нийгэмд шударга ёсны зөв хандлага түгж, иргэд нь эрх үүргээ гүн гүнзгий мэдэрч, улстөрчид нь нийгмийн нийтлэг эрх ашигт хүчин зүтгэдэг болж, товчхондоо Монголд минь сайн цаг ирж байна. Худал хуурмаг хумигдаж, хараа хяналт иргэдийн гарт технологийн дэвшилтэй хамт ирсэн өнөө цаг бол Ардчилсан, тусгаар Монгол Улсын үнэт зүйл юм.
Өвөг дээдсээс заяат уужим дэлгэр нутагтаа аж төрөн суугаа Бүрэн эрхт Монгол Улсын иргэд ээ,
Өргөн дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч яваа элэг нэгт ахан дүүс ээ,
Та бүхэндээ угтан золгож буй 2020 оны шинэ жилийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, гэгээн ирээдүй, гэрэлт маргаашийн аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Цэгцрэх хөдөлгөөн өрнөж, үргэлжилж байна...
Та бүхэн сайхан баярлаарай.
2019.12.31
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|