УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах жагсаалд нэгдсэн УИХ-ын ТАВАН гишүүн бүгд эрх мэдэлд хүрчээ
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2018 оны арван хоёрдугаар сарын сүүлээс эхлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаалыг тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой, амжилттай зохион байгуулсан.
- М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ЖАГСААЛЫГ У.ХҮРЭЛСҮХИЙН НЭГДСЭН МОНГОЛ ТББ, Х.БАТТУЛГЫН МоАХ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУД ЗОХИОН БАЙГУУЛАВ-
Жагсаал зохион байгуулсан УИХ-ын таван гишүүн тус жагсаалыг “Шударга ёс”-ыг шаардсан иргэдийн нэгдэл, хувьсгал байсан гэдэг ч үнэндээ тус жагсаалын ирцийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлдог Нэгдсэн Монгол хөдөлгөөн, Х.Баттулгын толгойлдог МоАХ зэрэг нэгдэл Төрийн бус байгууллагууд бүрдүүлж байсан юм. Тухай үед жагсаалд оролцсон хүн тус бүрд мөнгө өгсөн гэх мэдээлэл ч гарч байв.
-ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ МОНГОЛ УЛСЫГ “ПАРЛАМЕНТЫН ДАРХЛААГҮЙ УЛС” БОЛГОВ -
Монгол Улс бол парламентын засаглалтай улс. Хоёр том гүрний дунд байх манай улсад хамгийн тохирох засаглал гэж зарим судлаачид дүгнэдэг.
Учир нь манай улс нэг хүний засаглалтай бол аль нэг улсын нөлөөлөлд орох эрсдэлтэй гэдэг.
Иймд УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн бол, мөн өөрийнх нь хүсэлтээр, эсвэл нас барсан тохиолдолд л огцруулдаг байв. Товчхондоо хамгийн тогтвортой албан тушаал байсан юм. Гэтэл тус жагсаалаас үүдэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болгон, хуулийг өөрчилсөн. Ингээд УИХ-ын дарга хэмээх албан тушаал Засгийн газgj шиг ямар ч дархлаагүй, тогтворгүй болсон юм.
-ӨӨРСДӨДӨӨ “ШУДАРГА ТАВАН” ГЭХ НЭР ӨГСӨН ГИШҮҮД БҮГД АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛД ХҮРЭВ-
Гол эзэд нь тэдний ард сууж, иргэдийн өмнө голд дүрд тоглосон, өөрсдөдөө “Шударга таван” гэх нэр өгсөн, тухайн үедээ УИХ-ын жирийн л гишүүн байсан Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр бүгд албан тушаал, эрх мэдэлд хүрчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Х.Нямбаатар Хууль зүйн байнгын хорооны дарга, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүнийн албан тушаалыг хашиж байна. Мөн АН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч ШИНЭ нам гэгчийг байгуулсан.
-“ШУДАРГА ТАВАН” ГЭХ ГИШҮҮДИЙН ЗАРИМ НЬ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар нар ЖДҮХС-аас зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан ч энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхой бус байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр “Өгөөдэй Ази ” ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банканд хүүлэгдсэн гэдэг.
Харин УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн “Богд” банк Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авсан тухай мэдээлэл гарч, үүнийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нотолж мэдээлэл хийж байсан ч энэ асуудал хэрхэн шийдэгдсэн нь одоог хүртэл тодорхой бус байгаа юм. Харин тэднийг эсэргүүцсэн улс төрчдийг тэд “МАНАН”-ын гар хөл гэж цоллочхоод, өөрсдийнхөө ашиг сонирхол гүйцэлдүүлээд явж байна. Үнэндээ жинхэнэ МАНАН бол өөрсдөдөө “Шударга тав” гэж нэр өгсөн дээрх таван гишүүн, тэднийг удирдан чиглүүлж байгаа далд гарууд юм.
Эх сурвалж: isee.mn
|