Ц.Цогзолмаа: Яг үнэндээ Батзоригийг золиосонд явуулчихсан
“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.
Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
Өмнөх нь Ц.Цогзолмаа: Дарга нар маань албан тушаал, эрх мэдлийн төлөө биднийг хуваачихаад байна
…УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “…Өнөөдөр ч гэсэн ийм хүнд нөхцөлд бүлэг нь цуглаж байхад, гишүүдийнх нь бүрэн эрхийн асуудал яригдаж байхад дарга нарын нэг нь ч байхгүй. Бид нар ингэж хуралдаж болохгүй шүү дээ. Хэнд бид нар үгээ хэлээд байгаа юм бэ. Бид нар шийдвэр гаргахгүй. Тэгээд яг дарга нарын өмнө туфект орно шүү дээ.
Тэгэхээр яг энэ юмнуудаа бид нар ярих хэрэгтэй байна. Эв нэгдэл гэдгийг хоосон уриа лоозон биш, бодит амьдрал дээр улс төрийн нөхцөл байдлыг харах хэрэгтэй байна. Ямар ч агуулга байхгүй, ойлголцъё гэсэн бодол байхгүй. Хоёр талд хуваагдаж байгаад асуудал болохоор хоёр талаас туугдаж орж ирдэг. Тархигүй, толгойгүй, сонгогчдынхоо өмнө үүрэггүй, ийм хүмүүс энд суугаагүй шүү дээ. Бүх хүнд тавьсан улс төрийн зорилго, бүх хүнд нам, улс төрийнхөө хувьд алдаж оноод явж байгаа. Бүх түүх нь өөрийнх нь үнэт зүйл шүү дээ. Үүнийг хэдхэн хүнээс болоод үнэгүйдүүлээд явах боломжгүй байна.
Яг үнэнийг хэлэхэд Батзоригийг золиосонд явуулчихсан. Тэгээд араас нь энэ гишүүд орж ирэхээр 27 нь явуулах гээд байгаа юм шиг, бид 64-үүлээ байж энэ асуудал дээр нэгдсэн ойлголт, нэгдсэн юманд хүрнэ гэхээс дахиад үүнийг ярихдаа хүртэл ойлголцох сэдэл алга. Манайхан, танайхан гэх утгагүй байдлаар битгий асуудалд хандаасай гэж бодож байна. Тиймээс ойлголцох хэрэгтэй байна. Шийдлээ гаргах хэрэгтэй байна. Энэ дарга нар орж ирж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Бүлэг шиг зангидагдаад явбал явъя” гэв.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин