ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Үндэсний номын баярын өдрийг нийтээр тэмдэглэхээр хуульчилна
Олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх, ном уншдаг соёлыг дэлгэрүүлэхэд Үндэсний номын баярын өдрийг хуульчлах нь чухал ач холбогдолтойд зохиолч, судлаачид санал нэгдэв.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар, А.Ундраа нарын санаачлан боловсруулж буй Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болсон юм. Ингэснээр нийтээр амрах өдрийн тоонд өөрчлөлт орохгүйгээр жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрийг Үндэсний номын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын номын сангийн холбоо, хэвлэлийн газар, зохиолч, судлаач, эрдэмтэд, оюутан залуусын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлэгт оролцогчид утга зохиол, хэл, соёлын салбарын хөгжилд нэгдсэн бодлого дутагдаж байгааг хэлж байлаа. Хэдийгээр энэ удаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний номын баярын өдөртэй болох асуудлыг хөндөж байгаа ч үүний цаана хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн соён гэгээрүүлэх, үндэсний уламжлал, танин мэдэхүй, зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах зэрэг олон асуудлыг төрийн бодлого, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх шаардлага зайлшгүй байгааг тэд хөндөж ярилцсан юм.