Л.Элдэв-Очир: Засгийн газрын ажлын хэсэг Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлцэл хийж байгаа
УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очиртой ярилцлаа.
-Гурван парламент дамжсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж, Ерөнхийлөгч ёсчиллоо. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд та ямар байр суурьтай байна вэ?
-Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхэд ард түмний санал асуулгаар оруулах нь зөв гэсэн хатуу байр суурьтай байсан цөөхөн гишүүдийн нэг нь би. Тэр хэмжээнД ард түмний санал асуулгаар баталж чадсангүй.
Гэхдээ УИХ, Ерөнхийлөгчтэйгөө зөвшилцөж бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчихлаа. Энэ бол маш том дэвшил. Харьцангуй сайжирсан олон заалт орсон. Мэдээж төгс зүйл гэж байхгүй. Улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах хууль байна байх.
-Засгийн газар сүүлийн 20 гаруй жил тогтворгүй ажиллаж ирсэн гэж байгаа. Тиймээс гүйцэтгэх эрх мэдлийг нэмэгдүүлэх үүднээс Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрхтэй болсон. Нөгөө талаар хэтэрхий хүчтэй Ерөнхий сайдтай болчих вий гэх болгоомжлол байх шиг байна...
-Засгийн газар тогтвортой ажиллах тал дээр нэлээд сайн хуульчлагдчихлаа. Маш сайн заалтууд туссан. 100 хувь давхар дээлгүй байх асуудал яригдаж байсан. Ерөнхий сайд хэтэрхий эрх мэдэлтэй болчих вий гэсэн болгоомжлол бий.
Гэхдээ Их хурлаас Ерөнхийлөгчийг өргөтгөсөн байдлаар сонгодог байя гэсэн асуудлыг оруулаагүй. Учир нь ялсан намын дарга засгаа байгуулдаг. Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Гэтэл Их хурлаасаа Ерөнхийлөгчөө сонгоно гэвэл Ерөнхий сайд нь хэтэрхий их эрх мэдэлтэй хүн болчих гээд байгаа учраас энэ асуудлыг хойшлуулсан. Энэ зөв юм билээ. Ерөнхийлөгчид хамаг эрх мэдэл оччихлоо гэж шүүмжилдэг.
Нөгөө талдаа Ерөнхий сайд нь хэнд ч дийлдэхгүй нөхөр болчих асуудал байгаа учраас Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгож байх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Өөр өөрсдийн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж шийдсэн.
-Шүүхийг гол нь улс төрөөс хараат байлгая л гэдэг. Үнэхээр нэмэлт, өөрчлөлтөд шүүх бие даасан байж чадахаар заалтууд тусчихав уу. Та хэрхэн харж байна вэ?
-Шүүх засаглалын хувьд органик хуулиудаар ганц нэг зохицуулалт хийж таарна. Сахилгын хороо яах аргагүй байх ёстой.
Сахилгын хорооны дүрэм журмыг тодорхой болгоод өгчихнө. Ерөнхийлөгч гэдэг хүн хууль хяналтын байгууллагынхныг базчихлаа, хөдөлгөдөггүй гэх шүүмжлэл яваад байдаг. Миний шүүмжлэлтэй хандаж байсан зүйл бол 62 дугаар зүйл дээр бүх шатны шүүгч, ерөнхий шүүгч нарыг томилох, баталгаажуулах эрхийг нь Ерөнхийлөгчид өгчихөж байгаа юм. Энэ бол буруу.
Яагаад гэхээр хуучин хонгилын эзэн болоод байсан Ерөнхийлөгч гэх хүн бүх шатны шүүгчдийг томилно гэдэг гартаа л байлгахын нэр болчихоод байгаа юм. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороон дарга болоод бусад гишүүдтэй зөвлөсөн. Унагаах үедээ хуйвалдааны шинжтэй зүйл өрнөсөн. Нэгэнт УИХ дэгийнхээ дагуу хоёр удаа санал хураагаад уначихсан. Тэгэхээр өөр гаргалгаа юу байна гэхээр органик хуулиар зохицуулах боломжтой юм байна гэж үзсэн.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялагтай холбоотой заалтууд нэлээд шүүмжлэл дагуулж байсан...
-Их л олон талаас нь ярьсан. Энэ асуудал 2/3-оор эргэж орж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон заалт. Байгалийн баялаг ард түмний өмч гээд явах нь зөв. Байгалийн баялаг ашиглахдаа рояалти дээрээ хатуу байр суурьтай байх ёстой.
Оюу толгой шиг 34 хувь гэж явж болохгүй. Хувь эзэмшсэнийхээ төлөө өрөнд ороод явж байгаа. Нэг тэрбум ам.доллар зээллээ гэхэд 340 сая ам.долларын өрөнд Монгол Улс орчихож байгаа юм. Тиймээс Монгол Улс байгалийн баялаг, стратегийн ордууд дээрээ хөрөнгө оруулалт хийхээс гадна, дотны хөрөнгө оруулагчидтай АМНАТ-аа тохироод оруулчих ёстой юм.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд үндсэндээ 20 гаруй төрлийн татвар төлдөг. Энэ татваруудаа аваад явахаар 60-70 хувийн өгөөж Монголд байгаа. Хожим хэзээ авах нь мэдэгдэхгүй ногдол ашгийн талаар ярьж байсны оронд энэ шийдэл зүйтэй.
Бид өдөр тутамдаа татвараа авч байхад улсын төсөв тодорхой хэмжээгээр томорч, өгөөжөө өдөр тутамдаа хүртээд явах боломжтой.
-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүйд тооцсон шийдвэрийг Цэц гаргасан. Үүнд өөрчлөлт оруулж Их хурал баталлаа. Ямар өөрчлөлт орсон бэ?
-Уул уурхай үндэсний ассоциацийнхан надад бичиг өгсөн. Тэд татвараа төлье гэсэн. Гэтэл төлөхгүй гэсэн хэсэг байна. Тэр нөхдүүд экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн дээрээ АМНАТ төлөхгүй гээд дайраад байгаа юм. Ашиглаж байгаа юм чинь төлөх ёстой.
Энэ асуудал нь Цэц дээр очиж, Их хурлын хууль унаад эргэж орж ирж байгаа асуудал дэндүү харамсалтай. Монголын төрөөр ингэж тоглоод байж болохгүй л дээ. Санаа нь уул уурхайн лицензтэй компани уурхайгаас олборлохдоо 2.5 хувиа төлнө. АМНАТ шингэсэн 2.5 хувиа аваад боловсруулаад экспортод гаргахдаа таван хувийн татвар төлөх ёстой. Гэхдээ 2.5 хувь шингэсэн АМНАТ-тай нүүрс авч байгаа учраас таван хувь бус 2.5 хувиа суутгаад явчихна.
-АМНАТ-ыг давхардуулж авч байна гээд байсан шүү дээ.
-Давхардуулж авч байгаа зүйл байхгүй. Хууль дээрээ маш тодорхой зааж өгсөн.
-Цэц дээр унагасан заалтыг дахиад Их хурлаар баталчихсан юм уу?
-Үндсэндээ тийм.
-Цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон хуулийг агуулгаар нь буцааж сэргээвэл дахиад Цэц хүчингүй болгох нөхцөл байдал үүсчих юм биш үү?
-Үгүй. 47.1, 47.1.2, 47.1.3 гэсэн заалтууд байгаа. Урьд нь эдгээрийг үргэлжлүүлээд бичсэн таслалтай байсан бол одоо дээрээс нь доошоо үргэлжлүүлээд биччихсэн заалт орж ирж байна. Үндсэндээ хуучин хуультайгаа адилхан гэсэн үг.
-Цэцийн шийдвэрээс болж 100 тэрбум төгрөг алдлаа гэх зүйл яригдаж байна...
-Хуулийнх нь зохицуулалтаар ямартаа ч нөхөөд авахаар болчихлоо. Экспортыг дэмжихгүй байна, баяжуулсан нүүрсийг хориг болж байна гэх яриа худлаа. Баяжуулаад гаргаж байгаа бол хэн байх нь хамаагүй татвараа төлөх л ёстой.
-Оюу толгойтой холбоотой Их хурлаас тогтоол гаргасан. Оюу толгойн байр суурь ямар байгаа юм бол?
-Би Оюу толгойн гэрээг цуцалж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа.
Дубайн ажлын төлөвлөгөөний асуудлыг харин эргэж харах ёстой юм байна лээ. Тухайн үед Их хуралдаа ч мэдүүлэлгүй, тодорхой хэмжээгээр танилцуулалгүйгээр дур мэдээд, хар толгойгоороо хариуцна гээд гэрээ хийчихсэн байна. Энэ хэзээ ч дуусахгүй маргаантай асуудал болно. Их хурлаас Оюу толгойтой хэлцэл хийе гэх чиглэл өгсөн. Миний хувьд нэг санал гаргасан. Ерөөсөө 34 хувиа больчихъё. Үүнийгээ одоо үүссэн өрөндөө Оюу толгойд өгчихье.
Одоо авч буй таван хувийн АМНАТ дээр нэмээд онцгой буюу тусгай АМНАТ гээд таван хувийг авчихад үндсэндээ Монгол Улс өдөр тутамдаа өгөөжөө хүртээд явчих юм. Ямар нэгэн өр зээл ирээдүйд хуримтлагдах зүйл байхгүй.
Ингэсэн тохиолдолд Дубайн гэрээний асуудлыг ярих ч хэрэггүй болно. Өнгөрсөн жил Дамба-Очирыг ЭЗБХ-н дарга байхад Оюу толгойнхон уулзчихаад гэрээн дээр цэг, таслал ч өөрчлөхгүй гэдэг их хатуу байр суурьтай байсан. Одоо Оюу толгой гэрээ хэлцэл хийгээд зөв голдрилд нь оруулаад явуулах нь зүйтэй гэж үзсэн байна лээ. Тэгэхээр энэ хэлцэл явагдана.
Оюу толгой хэлцэл хийхэд бэлэн гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гарчихсан Оюу толгойтой хэлцэл хийж байгаа. Оюу толгойтой хэлцэл хийгээд гэрээний өөрчлөх асуудлаар саналаа Их хуралд танилцуулна. Их хурал танилцаад шийдвэр гаргаж өгөх ёстой. Тэгэхгүй бол өөх ч биш, булчирхай ч биш болгоно. Тиймээс Засгийн газар, Их хурал хоёр шийдвэрээ гаргаад явах ёстой.
-Сонгуулийн хуульд ямар өөрчлөлтүүд орж байна вэ. Ирэх оны сонгууль ямар сонгуулийн тогтолцоогоор явах бол?
-Намын нэрээр ордог асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсангүй. Монгол Улс тусгаар улс байхын тулд мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж байх нь зөв. Мажоритар тогтолцоо дотроо улс нэг том тойрог, жижиг мажоритар, холимог гэх хувилбарууд байгаа.
Ирэх долоо хоногт Л.Энх-Амгалан гишүүний ахалсан ажлын хэсэг хуулийн төслөө өргөн барих байх. Миний бодол жижиг 76 гэдэг дээрээ байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт улс орны эрх ашгийн асуудал. Үүн дээр манай намын дарга гишүүдэд ямар нэг нөлөө үзүүлээгүй. Чиглэл үүрэг даалгавар өгөөгүй. Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой гэж үзсэн.
Сонгуулийн хууль бол намын даргын жинхэнэ оролцох ёстой асуудал болно. Нам ялж байж Засаг барих асуудал яригдана. Сонгуулийн зорилго ерөөсөө л тэр шүү дээ. Тиймээс намын даргын байр суурь сонгуулийн тогтолцоо ямар байхад нэлээд голлоно гэж ойлгож байгаа.
Улс орны эрх ашгаа бодсон сонгуулийн тогтолцоог баталгаажуулах шаардлагатай. Сонгуулийн саналыг гараар тоолно гэдэг сонгууль будилуулах л үндэслэл болно. Тиймээс хар машин гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин