ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцэх гэж байна
Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор шинэ Ерөнхийлөгчийг томилох асуудлыг УИХ өнөөдөр шийдэх хүлээлттэй байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өглөө хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцсэн байна. Тус бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ.
Харин одоо Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх гэж байгааг ойрын эх сурвалжууд мэдээллээ.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь МУИС, АНУ-ын Колумбын их сургуулийг эдийн засаг, олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгссөн. 2016 оноос Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Үүнээс өмнө тэрбээр Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны дэд Ерөнхийлөгч, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан юм. Үүний зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.