Ц.Нямдорж: ҮАБЗ Оюутолгойн төслийг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа
Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Оюутолгойд 15,000 хүн ажиллаж байгаа. Эдгээрийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20 гаруй ААН бизнесийн үйл ажилла эрхэлж байгаа. Ийм том төсөл хэрэгжиж байна.
Намайг 2017 онд буцаж хуулийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани болон Монгол Улсын засгийн газар хооронд асуудал яригдсан. Ийм байдалтай хоёр жил болсон. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа сонирхолтой нь нэг өдөр захиргааны шүүх хуралдаж Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгосон. Мөн төлөвлөгөөг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө Оюутолгойн төслийг шууд зогсоох нөхцөл үүссэн учраас нэмэлт хүндрэл гарсан.
Үүнтэй холбоотойгоор монголд ирж болох эрсдлийн тухай асуудлыг аюулгүйн зөвлөлөөр өчигдөр ярьсан. Би шулуухан хэлчихье аюулгүйн зөвлөлийн гишүүд миний ярьж байгаатай ижил саналтай байгаа. Энэ төслийг зогсоож болохгүй.
Бүлгийн хурал дээр асуудал хурцадсан нь "200 сая долларын хахууль авсан" гэх үгтэй нь холбоотой. Х.Болорчулуун гишүүн Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс 200 сая долларын хахууль авсан гэж ярьсан. Үүнийгээ батал гэж л би хэлсэн. УИХ-ын гишүүн 250 саяын хахуулийн асуудал ярьж байгаа бол баримттай ярих ёстой. Ингэж улаан цагаан гүтгэж болохгүй.
Бас тэр 200 сая төгрөгийн хахууль яриад байгаа гишүүд өгсөн сайдынхаа нэрийг нь зарлаад, АТГ-т баримтыг нь аваачаад өг." гэв.