“Саарал жагсаалт”-ын бурууг Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нар үүрээд өнгөрөх үү?

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Эдийн засгийн байнгын хороо  улс орноо  саарал жагсаалтад  оруулсан гэх үндэслэлээр  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах УИХ-ын даргын саналыг  хэлэлцэж дэмжлээ.  Гэхдээ саарал жагсаалтын гол буруутан нь энэ хоёр хүнээр эцэслэх үү, эсвэл хариуцлагын асуудал үргэлжлэх үү гэдэг нь эргэлзээтэй юм. АН-ын зөвлөлөөс мөнгө угаасан гэмт хэрэг, оффшор, ЖДҮ, 60 тэрбумын хэргийг илрүүлж шийдээгүй  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, санхүүгийн хариуцлага, хяналтыг орхигдуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт ч бас хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Олон нийтийн зүгээс  ЖДҮ-чин гишүүдээ хамгаалж авч үлдсэн УИХ, Засгийн газар ч давхар  унах ёстой гэцгээж буй. Тиймээс хариуцлага хүлээлгэх асуудал дахиад ч сөхөгдөнө. Тэр нь хэн байх вэ гэдэг асуулт чуулганы хуралдааны танхимд сөхөгдөх бололтой. Энэ нь ч байнгын хорооны өчигдрийн хуралдаан дээр зарим гишүүний амнаас  сонсогдож байлаа.Гишүүдийн байр суурийг сийрүүлбэл:

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Саарал жагсаалтад оруулсан нь Засгийн газрын буруу гэж гарсан. Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох уу. Монголд орж ирж цахим гэмт хэрэг үйлдсэн  800 хятад иргэний  асуудал Засгийн газрын бүтцийн байгууллагын хариуцлагагүй, хяналтгүй байдлаас үүдэлтэй. Та нар яагаад энэ асуудлыг оруулж ирэхгүй байна. Чих зөөлөнтэйгөө няслаад  байвал төрийн тогтвортой байдал алдагдана. Тиймээс УИХ-ын дарга та  хууль бусаар хүн огцруулахаа боль. Төв банк өөрийн хуультай. Н.Баяртсайханыг өргөдлөө өгөөгүй байхад нь асуудлыг оруулж ирж байна. Тийм учраас би энэ хууль бус санал хураалтад оролцохгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Анхаасаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Манайд хариуцлага тооцдоггүй байсны алдаа гарч байна. Саарал жагсаалттай холбоотой мөнгө угаах,  терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх   хуульд   “Үндэсний зөвлөлийг ХЗДХ-ийн сайд тэргүүлнэ, бүрэлдэхүүнд нь ГХЯ-ны сайд, эрх бүхий удирдлагууд багтана”  гэсэн заалт бий.  Гэтэл ХЗДХ-ийн сайд мөнгө угаахтай холбоотой асуудлаар ямар ч ажил хийгээгүйг  дэд сайд нь мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Санхүү, террозимтай тэмцэх хорооны дарга Ц.Нямдорж саараал жагсаалтын асуудлаар олон улсын байгууллагатай очиж уулзсан уу. Тэр нөхөр яагаад энд орж ирж хариуцлагаа  хүлээхгүй байна вэ. Бүгд тэр нөхрийн “хар дэвтэр”-т орж, төмсөгдүүлчихээд ус балгасан юм шиг сууцгааж байх юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-2016 оноос хойш эдийн засгийн хүнд нөхцөлд Монголбанк сайн ажилласан. Сүүлийн хоёр жил УИХ-тай хамтарч банк,санхүүгийн тогтвортой байдлын төлөө маш сайн ажиллаж ирсэн. Үүний дүнд эдийн засаг тогтворжих чиглэлд явж байгаа. 2011-2014  онд  манай улс саарал жагсаалтад ороод гарахад  Төвбанк маш том үүрэг гүйцэтгэж авч гарч байсан. Харамсалтай нь түүнээс хойш саарал жагсаалт гэхээр  улстөрчид Төвбанкны үүрэг мэтээр ойлгодог, хардаг  гажиг тогтсон.Тиймээс одоогийн саарал жагсаалтад орох эх үүсвэр болсон. Цаашид Монгол Улс мөнгө угаах, терроризмын  эсрэг тэмцэнэ гэвэл  тогтолцоогоороо хөдлөх ёстой болохоос ганц Төвбанкинд үүрүүлдэг явдал хэвээр үлдэх вий. Энэ том тогтолцооны асуудал яригдах учиртай. Үүнийг дарга нар  юу гэж харж байна вэ.  Тагнуул, Төвбанк, Засгийн газар, хууль хүчний байгууллага, шүүх, прокурор, АТГ, тэр байтугай УИХ хяналт тавьж ажиллаж  оролцох ёстой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Монгол Улсад хууль бусаар олсон орлого, мөнгө ихээр эргэлдэж байж магадгүй гэсэн дохиог саарал жагсаалт өгч байгаа. Ямар орлого хаанаас орж ирээд байна гэдгээ бид хянаж чадаж байгаа юу. Энэ бол систем нь хангалтгүй ажиллаж байгаагийн илрэл, түүнээс ганц байгууллагын буруу биш. Хууль бус мөнгөний эргэлт төсвөөс хулгай хийж байгаа, нөгөө нь уул уурхайгаас орж ирж байгаа. Энэ хоёр дээр хяналт тавиагүй, хуульчилж тогтоож өгч чадаагүй. Энэ бүх мөнгө Монгол Улсаас гарч оффшорт байршдаг, буцаад Монгол руу ирдэг. Үүнийг хянадаг, илрүүлдэг, хариуцлага тооцох тогтолцоо байна уу. Хэргийн зүйлчлэлээ  эрүүгийн хуулиар нарийсгаж бий болго. Үүнд ХЗДХ-ийн сайдыг буруутай гэж байгаатай   санал нэг байна. Уул уурхай дээр  30-40 бүлэг хүний мөнгө эргэлддэг юм байна лээ. Тэр нь эргээд барилгын салбарт эргэлддэг юм байна. Гэтэл тэрийгээ илрүүлэхгүй, ярихгүй   улстөржсөн байдлаар хүмүүст  хариуцлага тооцоод байх юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж үнэн юм. Н.Баяртсайхан  бол ажил хийсэн,  зүтгэсэн. Мөнгөний бодлогоос болоод Монгол Улс саарал жагсаалтад орсон бол УИХ-ын гишүүд  бүгд  хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл бид Мөнгөний бодлогыг баталж өгсөн.

Ийнхүү гишүүд асуултанд хариулт авч, санал хэлсний дараа  санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь   СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн шийдвэрийг гаргалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.6  ЛХАГВА  №220  (6187)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610100
0 эможи

Зочин
2019-11-06 11:42
Зочин
2019-11-06 09:22
keyboard_arrow_up