Иргэний мэдээлэлд “өвдөг шороодсон“ Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөхөөр болжээ
Үндсэн хуулийн Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонтой холбогдогдуулан дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд болсон Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аж ахуйн нэгж, иргэдээс хэрхэн авах талаар зохицуулсан гол заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэх дүгнэлтийг Цэцээс гаргасан юм. Ингэснээр АМНАТ /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/ төлөх этгээдийг тодорхойлсон эрх зүйн зохицуулалтгүй болсон төдийгүй улсын төсвийн орлого 1.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд байгаа билээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас нааш аж ахуйн нэгж, иргэд АМНАТ-ийг төлөхөөргүй нөхцөл үүссэн учраас 14 хоногт багтаан хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, АМНАТ-ийг сэргээх тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар санаачилсан бөгөөд санал авахаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хүргүүлжээ. Сангийн сайдын зүгээс уг хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлэх шаардлагатай байгааг тухайлан дурдсан байна.
Ийнхүү Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газар болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яаралтай ажиллаж эхэлсэн. Энэ тухайд Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гаргасны дараа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ор тас авахааргүй нөхцөл үүслээ гэх мэдээлэл гарсан нь ташаа болохыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан тодотгож байна. Түүний хувьд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан юм.
Тэрбээр “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зогсоосон гэж яриад байгаа юм. Тийм зүйл огт байхгүй. Харин тухайн иргэний зүгээс Үндсэн хуулийн Цэцэд гаргасан мэдээлэл нь АМНАТ-ийг давхардуулж аваад байна, тиймээс үүнийг зохицуулж өгөөч гэж Цэцэд хандсан юм билээ. Яагаад энэ татвар давхардсан бэ гэвэл, нүүрс олборлох ашиглалтын лицензтэй хүн байлаа гэж бодъё. Тухайн этгээд хөрсөн доороос нүүрс гаргаж ирснийхээ төлөө нэг удаа 2.5 хувийн АМНАТ төлнө гээд хуульд заачихсан байдаг. Гэтэл 47.3.2 дахь заалтад бусад ашигт малтмалаас гэж заасан. Үүнд бидний мэдэхээр алт, жонш, зэс зэрэг эрдэс багтах нь байна. Гэтэл 47.3.1-д заасанчлан дотооддоо олборлосон нүүрснээс бусад ашигт малтмал гээд оруулчихаар газрын гүнээс олборлоод гаргаад ирчихсэн буюу үйлдвэрлэлийн шатанд байгаа нүүрс бас багтаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхний шатанд АМНАТ шингэчихсэн үнээр түүхий нүүрсээ худалдаж аваад угаагаад буюу нэмүү өртөг шингээчихээр үнэ нь өсч таарна биз. Ингээд үнийн өсөлтөөс нь таван хувийн АМНАТ-ийг давхардуулж аваад байна, үүнийгээ зогсоо гэж гомдол гаргасан юм билээ. Үүнээс үзэхэд бид яалт ч үгүй энэ хуулиа эргэж харах, засч, янзлаад боловсронгуй болгох зүй ёсны шаардлага байгаа юм байна гэж би хувьдаа харсан” гэлээ. Ямартай ч ийнхүү долоон сарын хугацаанд мөрдсөн Ашигт малтмалын тухай хуулийг дахин өөрчлөхөөр болж байна.
‘‘Уул уурхайд ашиглалт явуулж буй бүх аж ахуйн нэгж, иргэн хуулийн дагуу татвар төлөх учиртай. Гагцхүү давхар татвар төлж болохгүй” хэмээн Үндсэн хуулийн Цэц үзсэнийг УИХ, Засгийн газар ч хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байна.
Тийм ч учраас холбогдох газрууд ажиллаад эхэлсэн. Энэ тухайд УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүмүүс хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах эрх нээлттэй. Гагцхүү ямар ч хуулийг нэг л ухагдахуунаар ойлгоно шүү дээ. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласан л бол төлбөрөө төлнө гэсэн үг. Гагцхүү эзэмшигчийн шатанд уу эсвэл дахин боловсруулаад буюу угаасны дараа юу гэдэг асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүнээс давхардуулалгүйгээр татвар авна. Өөрөөр хэлбэл, уурхайн амнаас бүтээгдэхүүн гаргаад ирэхэд нь гадаадын үйлвэрлэгчид түүнийг нь 70 ам.доллараар авч байхад дотоодынхон 77 ам.доллараар авах болчихвол зөрүү үүсээд байгаа биз. Тиймээс энэ зөрүүг борлуулалтын шатанд тэгшитгэх буюу журмаар зохицуулах боломжтой зүйлийг хоёр өөр ойлголтоор ярьсаар байгаад хуулийн зөрчил, зөрөлдөөнд хүргэсэн байна гэх дүгнэлтийг манай хуулийнхан хэлж байгаа. Иймд хуулийг ирэх /энэ/ долоо хоногтоо багтаагаад ажлын хэсэг болон холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж нэг талд гаргах чиглэлээр ажиллаж эхлээд байна” гэсэн юм. Улсын төсвийн 10, ДНБ-ий 25 хувийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн холбогдох заалтуудад хийдэл байгаа эсэхийг дахин нягтлах шаардлага байгааг энэ удаагийн Цэцийн шийдвэр тодорхой харууллаа. Харин Цэцэд гомдол гаргасан иргэний мэдээлэлд дурдсанчлан “Ашигт малтмалын тухай хуульд татварын давхардал байсан уу” гэх асуултад Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргалаас хариулт авлаа. Тэрбээр хэлэхдээ “Бидний хувьд хуулийн хүрээнд эрх тэгш байдлыг эрхэмлэх үүднээс эрдэс баялгийн салбарт мөрдөж буй хуулиуддаа дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь эрдэс баялгийн салбарт зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг байсан бол олборлосон болон худалдсан бүх иргэн, аж ахуйн нэгжийг эрх тэгш байлгах үүднээс ижил хэмжээний татвар авдаг болсон. Ингэхдээ мэдээж татварыг давхардуулахгүйгээр авдаг байх тухай заалтыг хуульд тусгаж, УИХ-аар батлуулсан. Энэ тухайд иргэний зүгээс гомдол гаргаснаар Үндсэн хуулийн Цэцээс хуулийн зарим заалтыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт төдийгүй татвар, төлбөрийн хэмжээнд мэдээж нөлөөлнө. Харин гадуур яриад байгаа шиг АМНАТ-ийг огт авахааргүй болсон юм биш.
Хуульд дараа нь оруулсан буюу дээр дурдсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас хүчингүй болгосон. Гэтэл энэ хуулийн гол үзэл санаа, агуулга нь олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүд татвараа төлнө. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнд бага хэмжээний татвар ногдуулна гэж заасан. Ингэхдээ мэдээж аль ч татварыг давхардуулахгүй гэдэг хуулийн заалт нь тодорхой байгаа юм. Гэтэл үүнийг зарим хүн буруу ойлгож тайлбарлаад байгаа тал бий. Тиймээс хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байна” гэлээ.
Түүний хэлж буйгаар Цэцэд гомдол гаргасан иргэний хэлсэнчлэн татварыг давхардуулж авсан тал байхгүй хэмээж байгаа юм. Гэхдээ эргэлзээтэй заалт хуульд байгаа учраас маргаан дагуулсан гэж үзээд өөрчлөхөөр болж байна. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сард Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх ямар шаардлага байсан тухайд тэрбээр “Хууль бус олборлогч болон баяжуулах үйлдвэрүүд татвараас зугтаах буюу АМНАТ төлөхгүй байсан тал бий. Олборлолт явуулсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүн аваад нэмүү өртөг шингээгээд экспортод гаргахдаа татвар төлөхгүй байсан. Манай хууль эрх зүйн зохицуулалтаар дотооддоо олборлолт явуулна гэвэл бага татвартай, экспортод гаргах бол нэмэгддэг. Үүнийг л эрх тэгш байлгаж татвараа давхардуулахгүй авъя гэдэг үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч төдийгүй түүнийг худалдан авч, борлуулж, экспортолж байгаа бол бүгд татвар төлнө. Энэ татвараа хаана төлөхийг Сангийн яамнаас гаргасан журмаар зохицуулсан байсан. Гагцхүү энэ төрлийн татварыг давхардуулан авахгүй гэж заасан байсан” гэлээ. Ямартай ч татварыг эрх тэгш байлгах үүднээс долоон сарын өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол хуулийг өөр өөрийн дураар тайлбарладаг жишгийн дагуу иргэнээс гаргасан гомдлыг Цэц их суудлаар эцэслэснээр ийнхүү асуудлыг өндөр авахуулав. Хэдийгээр УУХҮЯ-ны зүгээс татварыг давхардуулж авдаггүй гэх тайлбарыг өгч байгаа ч нэг утгатай биш гэдэг нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөр давхар утгагүйгээр буюу нэг ойлголтоор тайлбарлаж хэрэглэхгүй бол энэ мэтээр хүссэн бүхэн нь Үндсэн хуулийн Цэцэд хандаж, УИХ-ын шийдвэр, тогтоолыг хүчингүй болгуулаад байхгүй гэх баталгаа алга. Тиймээс холбогдох газрууд хэдий богино хугацаанд ажиллах ч хуулийн ойлголтыг нэг мөр болгож, хоёр өөрөөр тайлбарлах боломжийг хязгаарлах шаардлагатай байна.
УИХ-аар ирэх оны улсын төсвийг хэлэлцэж эхэлсэн энэ үед дээрх хуулийг өөрчилснөөр УИХ-д ачаалал үүсгэх нь гарцаагүй. Учир нь улсын төсвийг батлах хуулийн хугацаатай. Энэ сарын 15 гэхэд ирэх оны төсвийг баталсан байх ёстой ч Цэцийн шийдвэртэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийг “нухах” шаардлага үүсэв.
Төсөвт төвлөрүүлдэг орлогыг нь тооцож үзвэл ингэхээс өөр аргагүй. Монгол Улсын төсөв төдийгөөс өдий хүртэл уул уурхайн салбараасаа бүрэн шахуу хараат явсаар ирсэн. Энэ Салбараас орж ирдэг олон төрлийн татвар улсын төсвийг бүрдүүлдэг. Тухайлбал, сүүлийн хэдэн жил өсөлттэй гарсан татвар бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх. Тухайлбал, 2016 онд 400 2017 онд 700 тэрбум, өнгөрсөн онд нэг их наяд, энэ жил 1.3 их наяд төгрөг төсөвт төвлөрчээ. Төсвийн орлогод ийм том орон зайг эзэлдэг учраас АМНАТ-ийн тухай хуулийг нэг талд гаргаж, улс авах ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлэхгүй бол төсвийн орлого дутах эрсдэлтэй.
Ямартай ч эрх баригчид үүссэн нөхцөл байдалд шуурхай дүгнэлт хийж, ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн сарын 30-нд Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасны дараа Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хоёр ч удаа зарлан хуралдуулсан. Ингэснээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төсөл санаачилж, өдгөө холбогдох яам, тамгын газраас саналаа авч эхэлсэн. Ингээд ажлын хэсэгт нэгтгэснээр энэ долоо хоногоос эхлэн Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэн батлах нь тодорхой болж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин