ИНФОГРАФИК: Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Энэ хуулийн зорилт нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 300 сая хүртэл ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төслийг санхүүжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.
Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлээс бүрдэнэ.
Хуулийг баталснаар Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дараах нөхцөл бүхий зээлийг Монгол Улс хүлээн авах эрх үүснэ.
-Зээлийн нийт хэмжээ: 300.0 сая ам.доллар
-Зээлийн хөрвөгч хүү: LIBOR+1.0 хувь
-Зээлийн эргэн төлөгдөх хугацаа: 10-18 жил
-Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 3-5 жил
Хуулийг баталснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын төслүүдийг талууд харилцан тохиролцож, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Улсын Их Хурлын Тамгын газар