ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгожээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгожээ.
Нэр дэвшигчээс асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэн байна.
Тус дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргах юм. Гаргасан санал дүгнэлтээ харьяалах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан УИХ-д өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй аж.
Ж.Бат-Эрдэнэ нь 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер, 1994-2000 онд“Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал, 2000-2004 ондЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.
- 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
- 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон
- 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан байна.