ФОТО: “Асралт гэр бүл“ гэдэг асуудлыг хуульд шинээр оруулжээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос боловсруулан УИХ-д энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьжээ.
Монгол Улсын гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа өөрчлөлт оруулсан байна. Уг хууль батлагдсанаас хойш их хугацаанд гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр уг асуудалд өөрөөр чөлөөтэй хандах болсны зэрэгцээ гэр бүл цуцлалт, хүүхдийн эрхийг зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлууд байсаар байгаа билээ.
Тиймээс сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлага бий болжээ.
Гэр бүл салалтаас хамгийн их хохирдог нь хүүхэд байдаг. Тиймээс гэр бүл салалтыг аль болох бууруулах, хүүхдийг хохироохгүй байх асуудлыг хөндсөн. Тиймээс гэр бүл салсан тохиолдолд хүүхэд өмч хөрөнгө эзэмших, улсаас өгдөг тэтгэмжийг тухайн хүүхдийн нэр дээр хадгалах, захиран зарцуулах гэх мэт асуудлыг тусгажээ.
Мөн асралт гэр бүл гэдэг асуудлыг хуульд шинээр оруулсан. Өнчин, хараа хяналтгүй хүүхдийг сайн дураараа гэр бүлдээ авч асран, халамжлах үйлчилгээг төрөөс бодлогын хувьд дэмжих, тэтгэмж олгох зэрэг асуудалд дээр тодорхой зохицуулалт оруулсан байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|