Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээгүй байна
Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татах тогтоолыг баталсан тухай бид мэдээлсэн билээ. Ингэснээр Ж.Эрдэнэбат гишүүн эрүүгийн хэргийн яллагдагчаар тооцогдох болсон юм. .
Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Ингэснээр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан гурав дахь эрхэм эрүүгийн хэрэгт шалгуулах болсон билээ.
Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдах болсон
Энэ талаар НПГ-аас тодруулахад "Одоогоор хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээгүй байна" гэв.