Ж.Батзандан, Л.Болд нар ХУДАЛ ЯРИАД баригдсан уу
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны нэр барин Ж.Батзандан, Л.Болд нарыг худал ярихгүй байхыг анхаарууллаа.
Учир нь тэд өчигдөр “С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн шийдвэрлэлттэй холбоотойгоор ОУПХ-ноос сарын өмнө шахам ирүүлсэн дүгнэлтийг Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга дарж байсан. Харин тэр хүнийг ажлаас чөлөөлснийх нь дараа ил болж, Түр хороонд ирлээ.” гэсэн агуулга бүхий зүйлийг Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ хэлсэн билээ.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдийн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хуралд зориулж үнэн зөв мэдээлэл өгье. Ажлаа хийцгээ, улстөржихөө боль, попрохоо боль. Монгол Улсын их хурлаас түр хороог байгуулсан. Түр хороо ажлаа хийх ёстой.
ОУПХ-ноос 12 хүнд 2019 оны есдүгээр сарын 6-нд мэйл хаягаар нь бичиг ирүүлсэн. Мэйл хаягаа шалгаж бай, Ж.Батзандан.
Би Ж.Батзандан гишүүнээс илүү Л.Болд гишүүнд гомдож байна.
Л.Болд гишүүн ээ, та УИХ-д зургаан удаа сонгогдсон. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд хийж байсан хүн. Иймэрхүү байдлаар асуудалд хандаж болохгүй, 2012 оноос хойш ОУПХ-ны хуралд та бид хоёр таван удаа явсан. Таван удаа явахдаа Хүний эрхийн дэд хороонд асуудлаа тавьж байсан. Сүүлдээ та нарын яриагаар бол Гадаад харилцааны яамны хэлтсийн даргыг халснаар дарагдаж байсан энэ бичиг ил боллоо гэсэн. Ингэж худлаа ярихаа боль. Сүүлдээ бүр ОУПХ-ны нэрийг барьж, есдүгээр зүйл гэдэг дээр 2019 оны есдүгээр сарын 4-ний дотор хариу өгөхгүй бол холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэсэн заалт байна гэж. Одоо надад ОУПХ-ны 71 заалттай зөвлөмж байна. Эндээс та нарын хэлсэн шиг үг нэгийг ч олж харсангүй. Л.Болд гишүүн таныг худал ярьсанд харамсаж байна." гэв.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ХУДАЛ ЯРИАД баригдав уу.