Ц.Мөнх-Оргил: УИХ тарах нөхцөл байдал үүсээгүй
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Өмнө нь нэгдүгээр сард парламентын нэр бүхий гишүүд УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсгээ зурж байсан ч төдийлөн дэмжлэг авч чадаагүй юм.
Тэгвэл энэ удаа яриа эрчээ авч, уг саналыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 40 нэлээд гараад байгаа аж.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ямар байр суурьтай байгааг сонирхсон юм.
-УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарж, ээлжит бус сонгууль явуулах талаар танай намын зарим албан тушаалтан гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Та үүнийг дэмжиж байгаа юу?
-Би гарын үсэг зурахгүй. Энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой. Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.
Нөгөө талд хийж чадаагүй ажлаа ч ард түмэндээ тайлагнах нь зөв. Ингээд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор ард түмнээр дүнгээ тавиулах ёстой.
-УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна гэх мэдээлэл бий. Хэрэв гишүүдийн тоо 51 хүрвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах хуулийн заалтууд бий.
Тухайлбал, УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй эсвэл улсын төсөв баталж чадахгүй тохиолдолд УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах боломж бүрдэнэ гэсэн үг.
Гэтэл өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээгүй байна. УИХ, Засгийн газар ажлаа хэвийн явуулж байна шүү дээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг парламент хийж, ард нийтийн санал асуулга явуулахаар тогтлоо.
-Энэ удаагийн парламент хангалтгүй ажиллаж байгаа учир тарах асуудал хөндөгдсөн юм биш үү?
-Манай нам 2016 оны сонгуульд орохдоо дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ танилцуулж дэмжлэг авсан.
Үүн дээрээ суурилсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө ч батлаад хэрэгжүүлээд явж байна.
Хийсэн ажлаа тайлагнадаг, хийж чадаагүйгээ тайлбарладаг, хугацаандаа дүнгээ тавиулдаг л байх ёстой. УИХ тарах нь нэг талаас улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй.
Нөгөө талаас парламентын засаглалын дархлааг сулруулна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин