Д.Хаянхярваа: УИХ хугацаанаасаа өмнө тарвал төрд тогтворгүй байдал үүснэ

2019 оны 9 сарын 19

Arslan.mn

Улс төрийн хүрээнд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудал эрчээ авч байна. УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байгаа ч энэ асуудлаас болоод зарим Байнгын хорооны ирц бүрдсэнгүй. 

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-УИХ-ы г тараахаар танай намын удирдах албан тушаалтан гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Нэр бүхий гишүүд ч дэмжиж гарын үсгээ зуржээ. Танд гарын үсэг зурах санал ирэв үү?

-Надад тийм бичиг орж ирээгүй. Би энэ мэдээллийг хоёр хоногийн өмнө авсан. Ингээд зарим гишүүн рүү утасдаж лавлаж асууж баталгаажуулсан юм.

Тэдний зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарын үсгээ зурсан гэдгээ хэлж, тайлбар үндэслэлээ ярьсан байна лээ. Парламентыг тараах асуудал байж болохгүй явдал гэж би хувьдаа үзэж байна.

-Танай нам үнэмлэхүй олонх болсон хэр нь маш хангалтгүй ажиллалаа. Албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтын талаар ярьж маргалдсаар гурван жил гаруй ху гацаа өнгөрсөн байна. Ер нь УИХ хугацаанаасаа өмнө тарах нөхцөл бүрдсэн гэж та үзэж байна уу?

-Үндсэн хуульд УИХ тарах хоёр үндэслэл бий. 

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь тарахыг дэмжээд гарын үсэг зурсан тохиолдолд тарна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд УИХ-ыг тараая гэж асуудал оруулж ирэхэд гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрвөл УИХ тарах хуулийн зохицуулалттай.

УИХ үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, төсөл төлөвлөгөөгөө батлахгүй, Засгийн газраа томилж чадахгүйд хүрсэн тохиолдолд тарах үндсэн нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өвөл УИХ тарах үндсэн нөхцөл бараг бүрдэж байсан.

Тэр үед хоёр, гурван cap зарим гишүүн ирцээр “бойкотлож” хуралдаа суугаагүй учраас Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаа хуралдуулж чадахгүй байсан.

Аргаа барахдаа УИХ-ыг тараая гэдэг саналыг нэр бүхий 20 гаруй гишүүн тухайн үед гаргаж байлаа. Гэхдээ тэр үед дэмжлэг аваагүй.

Энэ удаад бүх зүйл хэвийн үргэлжилж байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулаад УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулъя гэж ярьж байгаа нь Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэнэ. Энэ бол маш өндөр эрсдэлтэй алхам. Тийм учраас үүнийг эрс эсэргүүцэж байгаа.

-Энэ санаачилгыг хэн гаргасан бэ?

-Гишүүдийн надад өгсөн мэдээллээр намын генсек Д.Амарбаясгалан дуудаж уулзсан гэсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдын өрөөнд дуудаж уулзаад учир шалтгаанаа хэлсэн юм билээ.

Хууль тогтоох дээд байгууллагыг тараах асуудлыг нэг намын ерөнхий нарийн бичгийн дарга зохион байгуулалттай хийж болохгүй. Энэ дэндүү хэрээс хэтэрсэн асуудал.

Өөрөөр хэлбэл, МАН-ын хүрээнд асуудлыг яриад төрийн эрх барих дээд байгууллагаа тарааж улс төрийн тогтворгүй байдал үүсгэж эрсдэлтэй алхам хийнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл.

-УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах хэнд ашигтай юм бол. Ямар тохироо байна гэж та харав?

-Ямар үндэслэлээр УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах гээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байна, нэр хүнд нь өссөн, маш олон хууль, тогтоолын төслийг богино хугацаанд баталлаа гээд янзын сайхан тунхаг хэлсэн.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сайн ч муу ч хэлэлцэж байгаад хоёрдугаар хэлэлцүүлгийг хийчихлээ. Ийм байхад УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараая гээд байгааг, ямар тохиролцоо, наймаа яваад байгааг би үнэндээ ойлгохгүй байна.

Ер нь улс төрийн нам гэж байдаг бол амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хугацаандаа хичээж ажиллах ёстой. Ердөө зургаа, долоохон сарын дараа ээлжит сонгууль болно, тэр үед Монголын ард түмэн дүнгээ тавина.

Энэ хүртэл бид махны үнэ, валютын ханшаа яаж буулгах юм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг яаж бий болгох, утаа, замын түгжрэлээ хэрхэх вэ гэдгээ шийдэхийн төлөө ажиллах ёстой.

2016 оны сонгуулиар манай нам олон зүйл амласан. Энэ амлалтуудаа яаж хэрэгжүүлэх талаар бодох ёстой болохоос биш УИХ-ыг тараана гэж амин хувиа хичээж хэрхэвч болохгүй.

-УИХ хугацаанаасаа өмнө тарахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийг харахаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гишүүдийн дийлэнх байна. Тэр үед танай нам хоёр “хуваагдсан”. Энэ хуваагдал одоо болтол арилаагүй байгаа юм биш үү?

-Хэдэн хүн гарын үсэг зурсныг би нэг бүрчлэн мэдэхгүй байна. Манай намд тодорхой хэмжээний зөрчил бий. Үүнийг би үгүйсгэхгүй.

Гэхдээ ийм асуудал дээр энэ Хүрэлсүхийн, Энхболдын талыг баримталж байна гэдэг үүднээс гишүүд хандаагүй гэдэгт би итгэлтэй байна.

-Ард нийтийн санал асуулгатай зэрэгцээд УИХ-ын ээлжит бус сонгууль явагдвал энэ парламент Үндсэн хуул ийн нэмэлт өөрчлөлтийг хийж амжихгүй нь ээ. Уг нь бол энэ удаагийн парламент “эцэг” хуульд өөрчлөлт оруулах хамгийн боломжтой гэх хүлээлт олон нийтийн дунд байна ?

-Монголчуудын дунд “Саалийн цагаар саалиа хаяад үхдэг эхнэр гэж байдаг юм уу” гэдэг үг байдаг.

Бүх ажил урд байхад тэр бүхнийг хаячхаад хариуцлагаас мултрах гэсэн юм шиг сонгууль зарлаад яваад өгдөг улс төрийн хүчин гэж байж болохгүй шүү дээ.

Улс төрийн тогтворгүй байдал үүсэх вий гэдгээс л үнэхээр их болгоомжилж байна. Энэ болгоомжлол хувь хүн хувиа болон намыг бодох асуудал огт биш юм.

Энэ бол улсаа нэгдүгээрт бодож байгаа хэрэг. Улс төрийн ийм эгзэгтэй үед улс орноо нэгдүгээрт эрэмбэлж, том эрх ашгаа хармаар байгаа юм.

-Танай намын ерөнхий нарийн бичгийн дарга гишүүдийг дуудаж уулзаж байна гэж та түрүүнд хэллээ. Энэ чиглэлийг намын даргаас тань өгсөн гэж ойлгож болох уу. Очиж уулзсан, гарын үсгээ зурсан гишүүд мэдээж танд энэ талаар хэлсэн л байлгүй дээ?

-Тэр бүгдийг би хэлж мэдэхгүй юм. Орж уулзахад ерөнхий нарийн бичгийн дарга байсан гэдэг зүйлийг хэлсэн. Чухам хэн нь зохион байгуулаад байгааг би мэдэхгүй.

-Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хэмжээг тогтоогоод товоо гаргах ёстой. Энэ ажил яагаад явахгүй байна вэ?

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Яг үүнтэй адил ард нийтийн санал асуулга явуулах зардал, тов зарлах тухай асуудлыг ээлжит бус сонгуультай холбож зохион байгуулалттайгаар хойшлуулж байна уу даа гэж би хувьдаа хардаж байна.

Энэ тухайгаа би бүлгийн хурал дээр хэлсэн. Асуудлыг яагаад хурдан шийдэхгүй байгаа юм бэ гэдгийг Байнгын хорооны хурал дээр ч асууж байлаа. 

Товоо тогтоод зардал мөнгөө хасаж танаад зарлачихад болох зүйлийг хугацаа алдаад байна.

Чуулган хуралдсан, завсарласан ч юм шиг байдалтай хоёрын хооронд байлгаж байгаад ээлжит бус сонгууль зарлах нөхцөл байдал руу оруулах гээд байх шиг. Үүнийг нуух зүйл алга.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608255
0 эможи

Зочин
2019-09-19 11:59
сонирхолтой
keyboard_arrow_up