ТББХ: Ард нийтийн санал асуулга зохион байгуулахад 29 тэрбум төгрөг шаардлагатай
Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болж байна. Тус хурлаар “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Байнгын хороогоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ дахь МАН, АН-ын бүлэг дэмжиж байгаа билээ.
Тэгвэл тус байнгын хорооны хуралдааны үеэр ард нийтийн санал асуулга явуулах төсвийг Засгийн газраас нөөц сангаас гаргахаар төлөвлөсөн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нөөц сангийн үлдэгдэл хүрэлцэхгүй гэжээ. Тиймээс ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах зардлыг төсвийн тодотгол хийх санал гарсан байна.
Мөн энэ жилийн 10 дугаар сарын 23-нд санал асуулга явъя гэдэг гишүүд саналаа хэлж байна. Санал асуулгын төсөв 29 тэрбум байна гэж ажлын хэсэг тооцжээ.
Дашрамд дурдахад, өнгөрсөн бямба гарагт МАН-ын бүлгээс хийсэн хэвлэлийн хурлын үеэр ард нийтийн санал асуулга явуулах зардалд Ерөнхийлөгчийн сонгуультай ойролцоо хэмжээний мөнгөн хөрөнгө шаардлагатай гэж байсан юм. Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 14.9 тэрбум төгрөг зарцуулж байжээ.