Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албыг хавсарч болно гэсэн санал дэмжигдэв
УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, “Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан шаардлагатай бол саналын нэг томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ” гэж заасан байдгийг дурдаад үдээс өмнөх хуралдаанаар санал хураалт явуулах үед олонхын дэмжлэг аваагүй төрийн албатай холбоотой заалтаар дахин санал хураалт явуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн.
Уг санал нь Төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.” гэж өөрчлөх байсан бөгөөд гишүүд саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн үйл ажиллагаа зөв байх гол үндэс нь төрийн албан хаагчид тогтвортой, мэргэшсэн байх. Тэд мэргэшсэн, ёс зүйтэй, чадварлаг байх нь төрийн үндэс суурь юм. Тиймээс энэ заалтыг бид нухацтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Энэ маш чухал заалт. Төрийн албаны тогтворгүй байдлаас болоод улсад их хэмжээний хохирол учирдаг. Нэг нам гарч ирээд хэдэн мянгаар нь ажлаас халж, өчнөөн их хэмжээний нөхөн төлбөр олгодог. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуусыг төрд ажиллуулах нь зөв хэдий ч шууд өндөр албан тушаалд тавих нь буруу. Монгол ёс зүй, төрийн бичиг баримт боловсруулах чадварыг нь харгалзан анхан шатнаас ажиллуулах нь зүйтэй. Чадварлаг хүмүүс богино хугацаанд өсөөд явчихдаг гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Төрийн албанд улстөрчдийг дагаж явсан хүн орж ирэхийг хаах ёстой. Улстөрчид оролцохоо больчихвол төрийн алба мэргэшсэн, тогтвортой болж чамбайрна. Төрийн албан хаагчид тогтвортой ажиллаж чадахгүй, айдастай байдаг. Үүнийг халахын тулд Үндсэн хуулиар баталгаажуулах ёстой гэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Улс төрийн сонгууль болгоны дараа төрийн алба тогтворгүй болж, олноор нь халдаг байдал газар авсан. Тэр нь дараагийн сонгуулиар үргэлжилсээр энэ байдал үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрчээ гэсэн судалгаа гарсан байна. Энэ тогтворгүй байдлаас үүдээд хүнд суртал, авлига, хээл хахууль тасрахгүй, улам цэцэглэж байгаа.
Төрийн албанд бий болоод буй энэ мэт зүйлийг зүйлийг засах гэж энэ заалтыг оруулж ирж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол амин сүнс нь энэ заалт юм. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой. Хариуцлагатай, ёс зүйтэй байх гэдэг заалтыг оруулж өгч байгаа нь хариуцлага алдаж, ёс зүйгүй байвал ажлаас халагдана гэдгийг тодруулж өгч байгаа юм. Төрийн албан хаагчдыг дархлаажуулж байгаа биш хариуцлагажуулж байгаа гэдгийг ойлгоосой хэмээсэн.
Харин санал хураалтаар энэ санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсангүй.
Үргэлжлүүлээд гүйцэтгэх эрх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангахтай холбоотой заалтуудаар санал хураалт явуулсан юм.
УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт олонхын дэмжлэг авсан бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газрын чиг үүргийн давхцал арилж, тэдгээрийн чиг үүргийн ялгаа тодорхой болох, бие биеэсээ хараат бусаар Үндсэн хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж буй юм. Түүнчлэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт-тэнцлийн механизм сонгодог утгаараа хэрэгжиж, Улсын Их Хурлаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах ач холбогдолтой юм.
Харин Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнгүй. Мөн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэж өөрчлөн найруулах санал олонхын дэмжлэг авсангүй.
Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацааг тодорхой тогтоож боломжтой болж байгаа юм.
Дараа нь шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгийг “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж өөрлөн найруулах санал дэмжигдсэн. Шүүхийн сахилгын хороог байгуулснаар шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоо тогтвортой, үр нөлөөтэй болно гэж гишүүд үзэж буй юм.
Түүнчлэн Төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдлээ.
Мөн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэх олонх дэмжсэн юм. Энэ өдрийн хуралдаан шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой саналуудаар санал хураалт явуулж дуусгаснаар өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.