С.Чинзориг: Сонгууль дагаж, давхисан хүмүүс л нэг өдөр яам, газрын дарга болоод суучихдаг
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдан, Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж байгаа билээ.
Төслийн саналтай холбогдуулан гишүүд байр суурь илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Төрийн албатай холбоотой заалтуудыг хамтад нь хойшлуулж байгаа гэж ойлгосон юм. Энэ үгүй болж таарч байгаа юм байна. Тэгэхээр би энэ "Шатлан дэвших" гэдгийг хасах гэдэг саналын эсрэг байр суурьтай байгаа юмаа. Гишүүдийн саналыг ойлгож байна. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагч гэдэг чинь нийт төрийн албан хаагчидтайгаа адилгүй, тодорхой хэмжээгээр төрийн өмнө үүрэг хүлээгээд тангараг өргөөд, өөрийн зарим үндсэн эрхүүдээ хязгаарлуулж явдаг алба шүү дээ. Тийм учраас төр энэ албан хаагчиддаа "өөр" хандах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Бусад төрийн албан хаагчид жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэх мэт эрхүүдтэй байдаг. Төрийн захиргааны албан хаагчид энэ үндсэн эрхээ хязгаарлуулсан байдаг. Тиймээс "шатлан дэвших" гэдгийг хасаж болохгүй.
Хоёрдугаар үндэслэл нь, шатлан дэвших гэдэг чинь мэррит тогтолцоо шүү дээ. Үүнийг хасвал, Төрийн албан тогтвортой, мэргэшсэн байх гэдэг гол зарчим чинь алдагдана. Сүүлийн жилүүдийн практикаас харахад улс төрийн сонгуулийн дараагаар улс төрийн албан тушаалтнуудыг сонгуульд нь дагаж, давхисан хүмүүс л нэг өдөр яам, газрын дарга болоод суучихдаг болсон. Насаараа төрийн албанд ажилласан мэргэшсэн, тогтвортой ажиллаж ирсэн хүний дээр ирээд суучихдаг. Үүнээс болж төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх зарчим алдагдаж байна." гэв.