“Дээшээ харж байгаад 108 гэсэн тоог гаргачихаагүй юм”
УИХ-ын чуулган өчигдөр үдээс өмнөх эхлэх байсан ч техникийн саатлын улмаас үдээс хойш хуралдав. Чуулганаар Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр зарим гишүүд байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгээс тайлбар өгөв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд нийгэмд хамгийн их тулгамдаж буй шүүхийн хараат бус байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлд нэлээд олон заалт тусгагдсан байсан. Шүүхийг шударга болох нь Засгийн газрыг харьцангуй бие даасан болгох, УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх нь гэсэн итгэл үнэмшлээр хандсан. Гэтэл хоёр дахь хэлэлцүүлэг дээр хуулийн төсөл анх өргөн баригдсан хувилбараасаа өөрчлөгдөөд ороод ирлээ.
УИХ-ыг хариуцлагажуулахын тулд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх заалтуудыг маш тодорхой болгомоор байна. Гишүүдийн тоог нэмсээр УИХ-ын хариуцлага нэмэгдэхгүй. 62 гишүүний өргөн барьсан төслийг яагаад дордуулж байгаа юм бэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: -Т.Аюурсайхан гишүүн асуудлаа уншаагүй ярьж байна. Ерөнхийлөгч шүүгч нарыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй. 62 гишүүний төсөлд шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулна гэсэнтэй адилхан шүүгчийн сахилгын хороо байгуулах гэж Ерөнхийлөгч оруулж ирсэн. Үүнийг аль алийг нь алдагдуулахгүйгээр төсөлд оруулсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох гэж оруулсныг бүлэг, байнгын хорооны хуралдаанаар ярилцаад гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн. УИХ-ын хариуцлагатай холбоотой олон заалт орсон. Тухайлбал, давхар дээлний асуудлыг нэлээд хөндсөн. 62 гишүүний өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллана гэсэн зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт орж ирсэн.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий. 1992 онд Үндсэн хуулийг батлах үеэр Монгол Улсын хүн амын тоо хоёр сая байсан бол одоо 3.2 сая болж өссөн. Нэг гишүүний эрх мэдэл хүн амын тоо өсөх хэрээр нэмэгдэж байгаа. Дэлхийн нийтийн жишгээс харахад, парламентын гишүүдийн тоо нь 140 орчим байдаг. Тоог нэмснээр нэг гишүүний шийдвэр гаргах оролцоог 1992 оны түвшинд хүргэх зорилготой юм. Ингэснээр гишүүдийн эрх мэдлийг саармагжуулж байна гэсэн үг.
Дээшээ харж байгаад 108 гэдэг тоог гаргачихаагүй юм. Энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой болж байгаа юм. 76 гишүүнээс 76 санал гарах учраас Ерөнхийлөгч 108 гэж санал оруулсан. Гишүүдийн тоог өөрчлөхөд парламент санал гаргах боломжгүй учраас Ерөнхийлөгч ийм санал оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Энэ төслийг Д.Лүндээжанцан тэргүүтэй, бараг МАН-ын төсөл гэх шахуу юм ярих юм. Тийм юм байхгүй. УИХ-ын 62 гишүүний төсөл юм шүү. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ганц намын асуудал биш. Зөвшилцлийн баримт бичиг учраас тал талуудтайгаа зөвшилцөх ёстой. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн 49 саналыг нэг бүрчлэн авч үзсэн. Зөвшилцөл гэдэг чинь яг нэг талыг барьж болдоггүй түвэгтэй юм байна.Зарим нь ордог, зарим нь хасагддаг. Бидэнд ч гэсэн сэтгэл дундуур үлдсэн зүйл бий. Гишүүд ч одоо ярьж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Байгалийн баялаг нийтийн өмч болсноор олон нийтийн компаниуд бий болж замбараагүй байдал бий болно гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмч байснаасаа дордоно гэж ойлгоод байх шиг байна. Уг асуудалд тодорхой тайлбар өгмөөр байна. Байгалийн баялгийн ашиглалтын талаар маш тодорхой оруулж ирэхгүй бол болохгүй.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин