ИНФОГРАФИК: Хэмжил зүйн тухай хуулийн танилцуулга
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Хэмжил зүйн тухай хууль (шинэчилсэн найруулга) -ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас санаачилж 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай болон Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Хэмжил зүйн тухай хууль нь 6 бүлэг, 24 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд бодлогын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг тусгасан болно.
1.Олон улсын систем (SI)-ийн хэмжлийн нэгжийг Монгол Улсад цаашид үргэлжлүүлэн хэрэглэх, эдийн засгийн салбаруудад ашиглаж байгаа өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгслүүд дээд шатны нарийвчлалын ажлын, анхдагч ба улсын эталон, стандартчилсан загвартай харьцуулан дүйлгэж шалгадаг байхаар хуульчилсан.
2.Хэмжих хэрэгсэл нь стандартын, хэмжил зүйн, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байх бөгөөд Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн, баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийг хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах үйл ажиллагаанд ба худалдаа, үйлчилгээний тооцоонд ашиглан хэмжил гүйцэтгэнэ.
3.Салбарын мэргэшсэн хэмжил зүйн байгууллага бий болгох, төрийн зарим чиг үүргийг хэмжил зүйн мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэх, тэдгээрийг дэмжих зорилгоор худалдаа, үйлчилгээний тооцоонд ашиглахаас бусад хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэхээр зохицуулсан болно.
4.Хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг халж, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах аж ахуйн нэгж байгууллага чадавхаа үнэлүүлж үйл ажиллагаа эрхлэх, тэдгээрийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр болов.
5.Хэмжил зүйн салбарт төвлөрлийг сааруулах зорилгоор хэмжил зүйн асуудлыг тухайн салбарт нь хариуцуулах байдлаар зохицуулж, Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны төв байгууллага, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг нийслэлийн ба хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэмжил зүйн талаар хүлээх эрх, чиг үүргийг шинэчлэн тогтоож өгсөн.
6.Импортоор нийлүүлж байгаа хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага /OIML/, түүнээс эрх олгосон хэмжил зүйн байгууллага, үйлдвэрлэгч, олон улсын ба хоёр талын гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр шууд хүлээн зөвшөөрөх олон улсад хэрэгжүүлдэг тогтолцоог нэвтрүүлэхээр хуульд тусгасан. Хэмжил зүйн олон улсын байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэн орсон гадаад орны хэмжил зүйн байгууллагын шалгалт тохируулгын гэрчилгээ, үр дүнг хүлээн зөвшөөрөхөөр мөн хуульчилсан.
7.Хэмжил зүйн үйлчилгээг хөнгөвчлөн цахим хэлбэрт шилжүүлж, хэрэглэгчдэд өгөх мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг байгуулахаар заасан. Уг санд улсын эталон, батлагдсан стандартчилсан загвар, загварын туршилтад тэнцсэн, эсхүл загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн хэмжих хэрэгсэл, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага зэргийг бүртгэх юм.
Хэмжил зүйн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлснээр бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болж хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээ шуурхай болно. Мөн хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтыг давтан хийх зардал хэмнэгдэж, хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх өртөг багасна. Түүнчлэн салбарын хэмжил зүйн албыг бий болгох замаар хэмжил зүйн ажил, үйлчилгээний төвлөрлийг сааруулна. Хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалтыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэх боломж бүрдэж, хэмжил зүйн зохион байгуулалтын тогтолцоо манай улсын хэрэгцээ шаардлагад болон олон улсын жишигт нийцнэ.
Хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг халж, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортоор нийлүүлэх, суурилуулах, засварлах аж ахуйн нэгж байгууллага чадавхаа үнэлүүлж үйл ажиллагаа эрхлэх, тэдгээрийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх хялбаршуулсан тогтолцоонд шилжиж, хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээ шуурхай болох, бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэх болно.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар
|